УЕПГ:Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.220, мөрдөн байцаалтын 2875 хэрэгт хяналт тавьж, нийт 193 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явахын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга Ц.Н нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн илүү төлөлтийг хувьдаа ашиглаж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Монгол Улсын иргэн Э.Б нь Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд ирэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш нь хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд;

– Завхан аймгийн прокурорын газраас Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б, нягтлан бодогч Б.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш, ажилчдын цалин, урамшууллын илүү бодож олгосон цалинг авч, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн менежер Б.О, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “О” ХХК-д давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 3 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …