Ц.Даваацэрэн:Сайжруулсан шахмал түлшний шуудайг импортоор авч байгаа

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хурал  энэ сарын 16-ны өдөр боллоо.

Энэ үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв.

Тэрбээр “Тавантолгой түлш” ХХК өнөөдөр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ зун 120 мянган тонн шахмал түлшний нөөцийг 9 дүгээр сарын 15-н гэхэд бүрдүүлж, нийслэл хоттой хамтраад агуулахуудад хадгалж, өвлийн бэлтгэлээ хангаад байгаа. Хоногтоо 1500-1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргээд байна.

Үйлдвэрийн технологийн тухайд стандартын дагуу үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэвийн явж байна. Таван толгойн ордоос “Энержи Ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт баяжигдсан завсрын бүтээгдэхүүн болгох эрчим хүчний нүүрс, мидлингийг төмөр замаар татаж байна.

Өнөөдрийн байдлаар 170 мянган тонн мидлингийн нөөцтэй, 120 мянган тонн бэлэн шахмал түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Технологийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Дотоодын барьцалдуулагч “Баргил тех” компанийн хийсэн барьцалдуулагчийг тодорхой хувь дээр ашиглаж байна. Мөн цардуулд суурилсан барьцалдуулагч болон шуудайг импортоор авч хэрэглэж байгаа. Бид үндсэн гурван түүхий эд болох мидлинг, барьцалдуулагч, шуудайн нөөцийг бүрдүүлэх ёстой. Шуудайны тухайд импортын бүх гэрээнүүд нь хийгдэж байна.

Дотоододоо ганцхан “Гранд Лаки” гэж шуудайны үйлдвэр л манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Уг компанитай нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьд гэрээ хийдэг бөгөөд тус компанийн хүчин чадал нь энэ.

Дотоод журмын дагуу бид барьцалдуулагч нь 50 хувиас дээш цардуултай барьцалдуулагчийг авдаг. Гарч байгаа бүтээгдэхүүний хувьд MNS 56.79 гэсэн стандартын дагуу үзүүлэлтүүд хэвийн” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д …