96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2024 оны 3 дугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл 2023 онд бүтээгдсэн монгол кино дундаас “СЭР СЭР САЛХИ” киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулахаар болсон байна.
Жил бүр 90 гаруй улс уг эрхийг авдаг ба наадмын зүгээс эдгээр улсын кинонуудыг шигшиж 15 киноны shortlist зарладаг. Эцсийн шатанд шүүгчдийн санал хурааж, сонгогдсон кинонууд нэр дэвшдэг билээ.
Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүжилт олгосон Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “СЭР СЭР САЛХИ” УСК нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгаран, Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Б.Тэргэл хүртсэн билээ.
Мөн 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын “A Window on Asian cinema” хэсэгт шалгаран наадмын үеэр нийт 2 удаагийн үзвэрээр БНСУ-ын үзэгчдэд хүрэв.
Түүнээс гадна Торонтогийн Олон Улсын Кино Наадамд киногоо толилуулсан бол 10 дугаар сарын 16-ны өдөр 15 дахь удаагийн Улаанбаатар Кино наадмын нээлтийн үзвэрээр сонгогдон Монгол дахь үзэгчдийн хүртээл болсон юм.