УЕПГ:Авлига, албан тушаалын 4 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.798, мөрдөн байцаалтын 3513 хэрэгт хяналт тавьж, нийт 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 76, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хууль бусаар газар орны нэр өөрчлөх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

БНХАУ-ын иргэн Х нь Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааг зогсоох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай дүүргийн хэргийн анхан шатны шүүхэд;

– “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн мэргэжилтэн Г.Э нь албан тушаалаа урвуулан, мэргэшсэн жолоочийн болон ангилал ахиулах шалгалтад оролцогчдыг тэнцүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Хутаг-Өндөр сумын Сум дундын ойн ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Ш, техникч Б.М, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан “У” ХХК-тай мод бэлтгэх гэрээ байгуулж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр  зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …