“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, Гавьяат эмч Г.Одонцэцэгтэй мацаг барих талаар ярилцлаа.
-Сүүлийн үед эмчийн хяналтгүйгээр мацаг барьж, янз бүрийн хүндрэл гарах нь ихсээд байна. Мацагийг дур мэдэн барих нь хэр зохистой вэ?
-Уламжлалт анагаах ухаанд мацаг барих эмчилгээний арга бий. Хоолны хордлого зэргээс болж олон удаа суулгаж, бөөлжиж байгаа бол биеэс хор гадагшилж, суулгалт, бөөлжилт зогстол түр хугацаанд хоолыг сойж байгаад эм, эмчилгээ хийнэ. Мөн халдварт халуун, хямарсан халуун зэрэг халуун язгуурын өвчний үед халуун дангаараа дэлгэрч байгаа үед нь хоолыг түр сойж халууны хүчийг яаралтай буулгах эмчилгээ хийдэг. Түүнчлэн өөх, тостой хоолыг хэтрүүлэн идсэнээр эс шингэж, бадган сальс арвидаж, галын илчийг хүчтэй бууруулсан үед хоолыг түр сойж байгаад бадганыг арилгах, галын илчийг сайжруулах эм, заслын эмчилгээ хийдэг.
Хоол сойх эмчилгээг удаан хугацаагаар хийдэггүй. Хамгийн ихдээ 1-2 хоног хоол сойгоод эм, заслын эмчилгээ хийдэг арга байдаг. Тухайн хүн мацаг барих өвчин эмгэгтэй байсан ч, хоолыг сойж, мацаг барьж болохгүй онцгой тохиолдол гэж бий. Огт мацаг барьж болохгүй өвчин эмгэгүүд ч байна.
-Мацаг барьснаар бүх өвчнийг эдгээж болно, урт насална гэсэн мессеж олон нийтийн дунд их байна. Энэ үнэхээр тийм нөлөөтэй зүйл үү?
-Тэгж ойлгох болохгүй л дээ. Таван махбодоор бүтсэн биеийг таван махбод төгөлдөр идээ, ундаар тэжээн амьдруулна. Тиймээс байнга мацаг бариад л байвал хүний бие хоол тэжээлийн дутагдалд орно, тунгалаг-цөвийн боловсролтын үйл ажиллагааг хямрааж бүх эд, эрхтний үйл ажиллагаанд эмгэг өвчин үүсгэнэ. Мацаг барих шаардлагатай эсэхээ энэ эмчилгээг хийх гарын авлагыг эзэмшсэн мэргэжлийн эмнэлгийн байгууллага, эмч нарт хандаж байж мэдэх нь зүйтэй.
-Хүмүүс ихэнхдээ турах зорилгоор мацаг барьж байна. Дур мэдэн, эмчийн хяналтаас гадуур мацаг барьсан хүмүүсийн биед ямар сөрөг шинж тэмдэг илэрч байна вэ?
-Сүүлийн үед мацаг барьсны улмаас бие, сэтгэл нь хямарч янз бүрийн өвчин эмгэгтэй болсон олон хүн бидэнд хандаж байна. Тэд 1-3 жилийн турш долоо хоногт тогтмол мацаг барьсан байна. Жишээ нь 162 см өндөртэй хэрнээ 39 кг жинтэй болчихсон хүн ирж байна. Олонхынх нь хөгшрөлтийн үйл явц эрчимжчихсэн, нойргүйдсэн, сэтгэл санааны гутралд орсон, үс нь унасан, зүрхний хийн хямралтай болсон, ходоодны галын илч буурч, хоолны дуршил, шингэлт муудсан, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, зогсох зэрэг олон эмгэгүүд илэрч байна.
Мөн хийн бэлгэ чанар давамгай арвидсанаар хөгшрөлт эрт илэрч, хөгшрөлтийн явж түргэсэж байна. Галын илч хэт буурснаар хаван ихээр үүссэн байна. Ус, жимсний шүүс их хэмжээгээр ууснаар бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, чулуу үүсгэж байна. Хоол тэжээлийн дутагдалд орсноор биеийн хүч тамир доройтож ажлын эрч хүч буурч байна.
-Хүн бүр л туранхай байх хүсэлтэй, заримдаа донтох хандлага ч ажиглагдаж байна.
-Хүний цусны бүлэг хэзээ ч өөрчлөгддөггүй. Үүнтэй ижил хүн бүр төрөлхийн өвөрчлөлтэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд хүний өвөрчлөлийг үндсэн долоон төрөлд ангилан үздэг. Энэхүү өвөрчлөл нь биеийн хэлбэр, хэмжээ, арьсны өнгө, үсний өнгө, зан ааш, амьдралаа авч явах хандлага, эд хөрөнгө, мөнгө төгрөгтөө хандах хандлага гээд олон төрлийн давтагдашгүй чанарыг тогтоосон байдаг.
Жишээ нь хийн өвөрчлөлтэй хүн туранхай, жижиг биетэй, арьсны өнгө нь хөхөлбөр, үсний өнгө нь хар, бор. Сэтгэл зүй нь хөнгөн, дуулж бүжиглэх дуртай. Шарын өвөрчлөлтэй хүн дундаж өндөртэй, тарган, туранхай нь тэнцүү, арьс, үс нь шар, нүд нь ногоон байна. Аливаа ажил үйлд зоригтой, эрэмгий байдаг гэх мэт чанартай.
Бадганы өвөрчлөлтэй хүн мяраалаг, арьсны өнгө цагаан, зөөлөн булбарай байдаг. Хий, шар хавсарсан хүн гэж бий. Царай нь шар мөртлөө, туранхай байх жишээтэй. Тиймээс нэгэнт дан бадганы өвөрчлөлтэй төрсөн бол дан хийний өвөрчлөлтэй хүнтэй ижил туранхай болох гээд хэрэггүй. Өвөрчлөлөө хүчээр өөрчилбөл тэр нь эмгэг өвчлөл үүсэх шалтгаан болно. Тиймээс өөрийн төрөлх өвөрчлөлөө мэдээд, түүндээ зохицсон биеийн жингээ хадгалж, эрүүл хооллолт, амьдралын зөв хэвшил, дадлаар өвчнөөс урьдчилан сэргийлээд явах нь зохистой.