Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн.
Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөсөн.
Авто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм. Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.