БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийв.
Уулзалтад “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан, тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Салбарын хяналтын газрын байцаагч,мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ Би зөвхөн өөрийн сайд байх хугацаандаа хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил болох байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, орчны хяналт шинжилгээнд тусгасны дагуу агаар, хөрс, ус, бохир усанд шинжилгээг бүрэн хийдэггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авдаггүй, Байгаль орчныг хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг заасан хугацаанд арилгадаггүй 4 асуудлыг асуумаар байна.
Үүнд:
1.“Хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015” стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал усыг байгальд нийлүүлж байна,
2.Химийн бодис хадгалах нэгдсэн агуулахгүй, химийн бодисын хадгалалт хамгаалалт шаардлага хангахгүй байна,
3.Тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх технологийг нэвтрүүлээгүйгээс их хэмжээний хуримтлал үүсэж байгаль орчинг бохирдуулж байна,
- Өрмийн шингэн хаягдлын сангийн нөхөн сэргээлтийн явцад газар дээр нь тавих хяналт дутмагаас нөхөн сэргээлтийн чанар шаардлага хангахгүй байна. Хэрэв Монголын компани БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа ийм зөрчил гаргасан бол Хятадын Засгийн газар ямар арга хэмжээ авах байсан бэ гэдгийг Танаас асуумаар байна. Хэрэв эдгээр зөрчлийг арилгахгүй бол танай үйл ажиллагааг хаах хүртэлх арга хэмжээ авна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
“Петро Чайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Ерөнхий захирал Жү Дали: Хэрэв манай Улсад ийм зөрчил гаргасан бол уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгнө, мөн хоёр талын хамтран ажиллах гэрээний дагуу арга хэмжээ авна. Зөрчлийг арилгуулах боломж олгохгүйгээр үйл ажиллагааг нь шууд зогсоохгүй болов уу.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Би танай Улсыг тийм зөөлөн хуультай гэж бодохгүй байна. Танай компани манай Улсын ерөнхий байцаагчийн гаргасан албан даалгаврыг үл маргахгүйгээр биелүүлэх шаардлагатай. Би танд Монгол Улсын шүүхийн шийдвэр, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацаа өгье. 12 дугаар сарын 1-ны өдөр “хийж байна, боловсруулж байна” гэдэг албан бичиг хүлээн авахгүй. Би бодит байдлыг өөрийн биеэр очиж үзнэ. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй бүх зөрчлийг арилга. Танай компани Монгол Улсад 18 жил үйл ажиллагаа явуулсан. Би танд нэг сарын хугацаа өгч байгаа хэдий ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд хийсэн ажлыг нь очиж үзнэ. Түүнчлэн нутгийнхаа газар шорооны төлөө тэмцэж буй иргэдэд хүндэтгэлгүй хандахыг хүлээн зөвшөөрөхгүй.
“Петро Чайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Ерөнхий захирал Жү Дали “Бид асуудлаас зугтахгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Зөрчлийг арилгах болно” гэв.