УБТЗ “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын хоёр дахь өдрийн “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт төмөр замын салбарын хэлэлцүүлэгт оролцлоо.
УБТЗ-ын хувьд Монгол Улсын тээврийн салбарт голлох байр суурьтай ажилладаг бөгөөд цаашид бүс нутаг, тив дамнасан худалдааг дэмжих, тэр дундаа транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
2023 оны эхний арван сарын дараах байдлаар УБТЗ 26.7 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ нь, өнгөрсөн оны мөн үеэс 20.7 хувиар өсөөд байгаа юм. Мөн хугацаанд экспортын 9.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39.4 хувиар өсчээ. Харин транзит ачаа 4.2 сая тоннд хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлт гарсан аж.
УБТЗ цаашид өсөн нэмэгдэж буй тээврийн хэмжээг хэвийн хангахын тулд гол замдаа үе шаттай техник шинэчлэл хийх шаардлагатай болоод байгаа юм.
Хэлэлцүүлэгт оролцсон УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн хэлж буйгаар УБТЗ жил бүр үе шаттайгаар техникийн шинэчлэл хийж ирсэн бөгөөд хилийн өртөөдийн хүчин чадал, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр зарим нэг тодорхой ажил хийснийг дурдав. Тухайлбал, Замын-Үүд-Эрээн өртөө хооронд хоёр дахь нарийн царигийн зам, Замын-Үүд-Шаргын овоо хоорондын хоёр дахь зам, зарим өртөө, зөрлөгийн өргөтгөл зэргийг нэрлэв. Эдгээрийг хийснээр тухайн хэсгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, хилийн галт тэрэг солилцоо сайжрах үндсэн нөхцөл бүрдээд байгааг тэрбээр онцолсон юм.
Мөн УБТЗ-ын хамт олон хөгжлийн бодлого, зорилтоо тодорхойлсон зарим бичиг баримтдаа өөрчлөлт оруулах замаар өсөн нэмэгдэж буй тээврийг хэвийн, найдвартай тээврээр хангах, шаардлагатай техник шинэчлэлийг цаг алдалгүй хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тус нийгэмлэг ойрын ирээдүйд буюу 2030 онд хоногт солилцох галт тэрэгний тоог 26-д хүргэх, жилд ачааны хэмжээг 53 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэхээс гадна УБТЗ-ын бүс нутаг дахь нэр хүнд, үүрэг оролцоо өсөх юм.