Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.
Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв л гэхэд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 80 ортой бөгөөд нэмэлтээр ор дэлгэж 130 болгоод байна. Тус төвийн халдвар судлаач А.Буянжаргал “Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор одоогоор манай эмнэлэгт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд дахин ор нэмж дэлгэх боломжтой.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглэх хандлагатай байна. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудах ёстой. Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлж, амны хаалт зүүлгэх, амин дэмтэй хоол тэжээл өгөх, дулаан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахиулах, цэгэн массаж хийж өгөх шаардлагатай” гэлээ.