Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас түр хойшлов.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Бидэнд цаг хугацаа давчуу байна. Гэтэл түр хороонд орно орно гэсэн ч хуралдаа ирэхгүй, хянан шалгах ажилд эс үйлдлээр саад болж байна. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн бүлгийн дарга нарт хэлж эргүүлэн татуулна. Тэгэхгүй бол амжихааргүй боллоо. Хуралдаа суудаг гишүүдийг оруулна. Гишүүд хэлсэндээ байх хэрэгтэй байна.
Э.Бат-Амгалан гишүүн хуралдаа ирмээр байна. Г.Ганболд гишүүн хуралдаа нэг ч суугаагүй. С.Ганбаатар гишүүн камерын өмнө ярьдаг шигээ хуралдаа ирж оролцмоор байна. Д.Ганбат гишүүн ирмээр байна. Т.Доржханд гишүүн хуралдаа ирмээр байна.
Тэгсэн мөртлөө нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд худал, үнэн тоо хэлээд яваад байдаг. Яг шалгая гэхээр хурал тасалж шалгах ажилд саад болж байна. О.Цогтгэрэл гишүүн хуралдаа ирмээр байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Нэг бол хуралдаа суу, үгүй бол соль. Цаг хугацаа давчуу байгаа тул нэг өдөр ч үнэтэй байна. Гишүүд энэ ажилд саад болохоо боль. Хуралдаа суудаггүй гишүүдийг түр хорооноос гаргана” гэж мэдэгдлээ.