Тэгш бус байдлын сүүдэр#3: Монголыг хэрсэн “Э“ ажиллагаа

Ц.Элбэгдорж, М.Энхболд, З.Энхболд, Д.Эрдэнэбилэг…

Засаглал нь Байнгын ажиллагаатай парламент, зах зээл нь чөлөөт ардчилсан тогтолцоо руу шилжсэн 1990 оноос хойш Монголын улс төр, бизнесийн салбарт хамгийн тод мөрөө үлдээсэн, үлдээж яваа дүрүүд. Ардчилсан хувьсгалын анхны шанг таталцаж явсан нь Ц.Элбэгдорж нарын гавьяа. Монгол Улс анх удаагаа иргэн бүрд газар өмчлүүлж, эзэмшүүлэх их ажлыг гардаж, бас нугалсан нь М.Энхболдын гавьяа. Хувьсгалын сүүдэрт эзгүүрч, хаалгаа барьсан Төрийн өмчийн обьектуудыг хувийн хэвшилд шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж асан “Их хувьчлал”-ын сүр нь ч, сүүдэр нь ч З.Энхболдод хамаарах гавьяа.

Төрийг төлөөлөх талаасаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Hотын дарга гээд баргийн хүний хүрэхгүй, хүсээд ч сууж чадахааргүй өндөр сэнтийд ээлж дарааллан суусан улстөрчид. Харин Д.Эрдэнэбилэгийн тухайд бол өөр.

Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын үед анх байгуулсан “Улаанбаатар сан” байгуулсан нь М.Энхболдыг хотын мээрээр ажиллах үед банк болтлоо томорч, алгуурхан явсаар нэг л мэдэхэд Д.Эрдэнэбилэг 99.9 хувийн эзэмшигч болсон байв.

Эхлээд нийт хувьцааны 75 хувь нь нийслэлд, үлдсэн 25 хувь нь Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ажиллаж асан Т.Бадамжунай тэргүүтэй хотын захиргааны удирдах албан тушаалтны мэдэлд явсан эл банк ямар эрх ашиг, тохиролцооны хүрээнд Д.Эрдэнэбилэгийн халаасанд очоод орчихсон нь эргэлзээ төрүүлэм.

Удалгүй тэр 70 хувь нь Төрийн мэдэлд явсан Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд оролцож, мөн өөрийн болгосон нь 2003 он. Лав л тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын сунгасан гар Д.Эрдэнэбилэгт хүрээгүй, хүч нь дутсан гэдэг л юм. Н.Энхбаяр 2003 онд ямар байлаа, “Хаан” шахуу өргөмжлөгдөхийн хэрээр хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн түүний шийдвэрээс зөрөх нь битгий үгийг нь сөрөх нэгэн байхгүй байсан цагт Д.Эрдэнэбилэг тэргүүтэй улс төр, бизнес дамнасан хэсгийнхэн дунд хуруу гаргаж явлаа шүү дээ. Баабарын хэлснээр Монголын их улс төр дэх МАНАН-гийн суурийг ийн тавилцсан ч байж мэднэ.

Ингэж л түүний нэр Ц.Элбэгдорж, М.Энхболд, З.Энхболдын дайны улс төр, бизнесийн орчинд яригдаж, бичигдэж, бас цойлж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын жолооч явсан гэх тодотголоос өөр “имиж”-гүй явсан “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн улс төртэй сүлбэлдсэн үес нь “Улаанбаатар сан”-г банк болгож томруулаад Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын тодорхой хувийг санхүүжүүлэхээс эхтэйг эндээс төвөггүйхэн ойлгож болохоор.

Улс төрд мөнхийн дайсан, найз гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л гэж бий гэгчээр Д.Эрдэнэбилэгт дөрөөлсөн эрх ашгийн нэгдэл засаг, төр, нам харгалзахгүйгээр амь бөхтэй байсан нь хожим “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалаар илүү тодорсон юм.

Үүсгэн байгуулсан цагаасаа 51, 49 гэсэн өмчлөлтэйгөөр Монгол, ОХУ-ын мэдэлд 38 жилийн турш явсан “Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийн сан 100 хувь манай талд шилжсэнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн нь 2016 оны зургадугаар сарын 28-ний өдөр. УИХ-ын сонгуулийн санал авах өдрөөс яг нэг хоногийн өмнө хийсэн Монголын Засгийн газрын тэргүүний эл мэдэгдлийг алга ташин хүлээж авах хэсэг нь мэдээж олон байв.

ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд явсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бизнесийн төлөөлөл нь 500 сая ам.доллароор худалдаж авсан нь эх оронч шийдвэр, тэдний гавьяа мөн үү? гэвэл мэдээж тийм. Улсаараа хямралд орж, эдийн засаг нь эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн тухайн цаг үед хувийн хэвшил нь ийм хэмжээний эрсдэл үүрсэн нь маргаангүй гавьяа.

Гэвч сонгуулийн санал авах өдрөөс 24 цагийн өмнө Ерөнхий сайд нь яаран мэдэгдэл хийж, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талд шилжсэн мэдэгдлийн ард Улаанбаатар хотын болон Худалдааны хөгжлийн банк Д.Эрдэнэбилэгт “ногоон гэрэл”-ээр шилжсэнтэй агаар нэг үйл явц өрнөсөн байж мэдэх сэжүүр ар араасаа хөвөрч эхэлсэн. Учир нь, 2016 оны тавдугаар сарын сүүлч үеэс “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал хөндөгдөж, зургадугаар сарын 23-нд Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтаас өмнө шийдэх боломжтой байсныг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн байдаг. Авчиг УИХ, Засгийн газрын түвшинд уг үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг яриагүй, ямар ч мэдээлэлгүй байхад Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийгээд явсан талаарх мэдээлэл сүүлд ил болсон.

Ингэхдээ нэг сая төгрөгийн дүрмийн сантайгаар 2014 онд байгуулсан компанид 200 сая ам.долларын зээл олгох замаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан байдаг. Үүнийхээ тодорхой хувийг Хөгжлийн банкнаас авсан зээлээр санхүүжүүлсэн тухай асуудал ч бий.

Үндсэндээ эртнээс төлөвлөж, хэлэлцээний ширээний ард хэд хэдэн удаа суусны эцэст “Эрдэнэт”-ийн 49 хувь тэдний мэдэлд шилжсэн схем явжээ гэж хардаж болохоор дүр зураг эндээс бууна.

Парламент ч, гүйцэтгэх засаглал нь ч, бүр олон нийтийн анхаарал суларч сонгуулийн уур амьсгалд шилжиж “Эрдэнэт”-тэй, манатай цаг хугацаа таарсан нь Д.Эрдэнэбилэг нарт онцгой давуу олгосон ч байж мэднэ. Энэ үеэс л улстөрчид, УИХ-ын гишүүд нь, нийгэм нь бүхэлдээ Д.Эрдэнэбилэгийн эрэлд гарцгаасан. Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банкны эзэн гэхээс өөр шошгогүй, түүнтэй холбогдох олон ч хувьчлалын түүх нь гэрэл цохиж эхэлсэн юм. Энэ хүрээнд Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр тэргүүтэй яагаад, ямар шалтгаанаар Д.Эрдэнэбилэгийн өмчлөлд шилжсэн нь түрээчээсээ ил болсон. Лав л З.Энхболд УИХ-ын дарга байхдаа 2015 оны долдугаар сарын 3-нд батлуулсан 70 дугаар тогтоолоор 2015-2016 онд хувьчлах Төрийн өмчийн компаниудын чиглэлд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр багтаж, ердөө 1.3 тэрбумаар хувьд шилжүүлэх замыг зассан байдаг.

Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржийн шийдвэрээр 50 сая тн-ын нөөцтэй “Хөтөл”-ийг дөрвөн өрөө байрны мөнгөөр арилжсан гэсэн үг.

Хожмоо З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа “Цэц багш нарын цуглуулга болж болохгүй. Улстөрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй” хэмээгээд Ц.Нанзаддоржийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулж байв. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа батлуулсан тогтоолын дагуу “Хөтөл”-ийг 1.3 тэрбумаар Д.Эрдэнэбилэгт хувьчлах ажлыг гардан гүйцэтгэсэн Д.Нанзаддорж шагнал, гавьяаны амралтаа зэрэг авч Цэцийн гишүүн болж дэвшсэн гэлтэй.

Энэ бүгдээс харахад Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч явсан гэхээс өөрөөр танигдаагүй явсан “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг зөвхөн Худалдааны хөгжлийн банкны хамгийн их хувьцаа эзэмшигчээр төлөөлүүлж харах нь өрөөсгөл юм. Харин Улаанбаатар хотын санг банк болгож өргөжүүлсэн үеэс эхтэй түүний улс төр, бизнесийн хамаарал Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын уурхай, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалаар үргэлжилж, бүгдэд эзэн суусны ард Ц.Элбэгдорж, М.Энхболд, З.Энхболд гэсэн Монголын Төрийн гурван өндөр албан тушаалыг ээлж дарааллан хашсан эрхмүүдээр дамжуулж бизнесээ тэлдэг, улс төрийн өрөг дээр бэрстэй дүйх хэмжээний нүүдэлтэй том гарын тоглогч гэдгийг харж болохоор.

Үүнийг л Монголыг хэрсэн “Э” ажиллагаа гэж тодотгоод байгаа хэрэг. Хамгийн сүүлд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт Ховд аймагт ажиллах үеэр ховор элементийн нөөц бүхий “Халзан бүргэдэй”-н ордын асуудлыг хөндөхөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэгч захирал Ц.Пүрэвтүвшин нар Мянгад суманд яаран очсон нь зүгээр ч нэг хугацааны давхцал биш юм. Тэд одоо ч холбоо хамааралтай, Монголыг хэрсэн “Э” ажиллагаа өнөөг хүртэл амь бөхтэй яваагийн бас нэгэн илрэл юм. Хамгийн гол нь, тэр бүгд нь үнэхээр ном журмын дагуу явсан уу? эсвэл хуулийн дээгүүр гишгэж, хэн нэгэнд давуу эрхтэйгээр очсон уу? гэдгийг гагцхүү цаг хугацаа л дэнслэх нь. Д.Эрдэнэбилэг үнэхээр Монголын эзэн үү? Эсвэл зүгээр гүйцэтгэгч үү? гэдэг нь түүнд холбогдох хэргүүдийг шүүх хэрхэн шийдвэрлэхээс тодорхой болно.

Г.Эрхэс

Эх сурвалж: uzeg.info

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн …