Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль нь оюутан, багш, ажилчдыгаа шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл шүд” аяныг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” бэлэглэнэ уриан дор өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Аяны нээлтийн арга хэмжээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр оролцов.
“Эрүүл шүд” аяны хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 8 бүрэлдэхүүн сургууль, 4 эмнэлгийн багш, оюутан, ажилчдыг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуульд суралцаж буй оюутнууд эрүүл байх ёстой. Үүний эхлэл болгож бид “Эрүүл шүд” аяныг эхлүүлээд байна.
Аяны хүрээнд бүх оюутнуудын шүдийг зөв угаалгаж хэвшүүлэх ажлыг эхлүүлнэ. Шүдийг зөв угааснаар шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр бие эрүүл байж, сайн сурах үндэс тавигдана.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуульд суралцаж байгаа 10000 гаруй оюутнуудаа шүдний үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх ажлыг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хийнэ. Харин ажилчдадаа 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуульд сурч байгаа болон ажиллаж буй бүх хүний шүдийг эрүүлжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна”гэв.
АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр: “Эрүүл шүд” аяны ач холбогдол нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургууль, багш нар арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуульд “Шүд угаалтын цэг”-ийг байгуулж, шүд угаалтын цагийг гаргаж өгсөн.
Дэлхий нийтээрээ 3X3 буюу гурван удаа гурван минутаар угаах зарчим баримталдаг. Бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аянаараа дамжуулан шүдээ өдөрт гурван удаа гурван минутаар угаахыг уриалж байна.
“Эрүүл шүд” аяны хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль “Оюутны хөгжлийн төв”-дөө ШҮД УГААХ ӨРӨӨГ нээж оюутнуудад зөвхөн шүдний сойзоо авчраад шүдээ угаах нөхцөлийг бүрдүүлж өгчээ.