Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Жилд 16.000 залуучууд гэр бүлээ бүртгүүлж, буцаад 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэдэг бол аймшигтай тоо. Гэрлэж байгаа 4 залуугийн 1 нь гэр бүлээ цуцлуулж байна гэсэн үг. Үүний цаана хэдэн мянган хүүхэд өнчирч хоцрох, эцэг эхгүй болох эрсдэлүүд байнга дагадаг. Салчихаад хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаасаа бултчихдаг ийм бүхэл бүтэн паразит үе гарч ирсэн байна.
Хүүхдийнхээ тэтгэмжийг төлөх ёстой гээд шүүхийн шийдвэр гарчихсан 14.000 хүн байдаг. Энэ бол нийт салалтын 60 гаруй хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй, сэтгэлгүй бүхэл бүтэн үе бий болчихсон. Шалтгаанаа ядуу байна, ажилгүй байна, бололцоогүй байна гэдэг тайлбар хэлээд хууль завшаад, хариуцлагаас бултаад явдаг. Энэ байдлыг дэмжиж ерөөсөө болохгүй.
Тийм учраас эцэг эхчүүдэд хүлээлгэх хариуцлагыг хуульчлах нэг өөр. Харин үүнийг хариуцлагаас бултвал энэ хүнд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ гэдэг асуудлыг хөндөх ёстой. Хууль, тогтоомж батлагдаад амьдралд хэрэгждэггүй гол зүйл бол хариуцлага хүлээлгэх заалт нь байдаггүй.
Төр төмөр нүүрээ гаргах ёстой зүйл дээрээ гаргаж болдоггүй, гаргаж чаддаггүй. Тийм учраас эцэг эхийн хүлээх хариуцлага тэр тусмаа хүүхдээ өнчрүүлж, тэтгэмжээс нь бултдаг энэ хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болсон” гэлээ.