Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна.
2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгосон. Мөн орон сууцны томоохон хорооллууд дунд түрээсийн цэцэрлэг болон байгууллагын цэцэрлэгийг дэмжиж ажилласан байна. Энэхүү төлөвлөлтийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар болон нийслэлээс санхүүжилт гаргасан юм. Улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол НИТХ-аас баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, ачаалал өндөртэй цэцэрлэгийн өргөтгөл хийх, цомцог гэр цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлаж, өргөтгөх, цэцэрлэгийн тохижилт бусад хэрэглэгдэхүүн худалдаж авах…зэрэг ажилд зарцуулсан гэдгийг салбарын сайд хэллээ. Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хамрагдалтыг сугалаагаар шийддэг байдлыг халахад улс төрийн манлайлал үзүүлж ажилласан НИТХ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлье гэлээ.
Хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс зарцуулж байна
Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд 2023 онд 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт зарцуулсан ч нэг хүүхдэд ногдох хувьсах зардал бага байгааг тодотголоо. Тодруулбал, хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс хүүхдүүдэд олгож байгаа тул сурах орчныг дэмжсэн хувьсах зардлыг нэмэгдүүлж, сайн багш сайн урамшуулал авдаг цалингийн тогтолцоонд шилжиж байгааг мэдээлэлдээ дурдлаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17,442 багш, ажилтан ажиллаж байна. Харин хувийн 138 сургуульд 53 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа аж.
Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль 6-гаар, хувийн хэвшлийн сургууль 7-оор нэмэгдсэн. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний хүрээнд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна. Нийт 278 бүлгийн 11,310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг” тодотголоо. Мөн 3 ээлжээр хичээллэж байгаа 7 сургууль байна. Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай бол одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм. Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 54 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байгаа учир сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж.
Салбарын сайд Л.Энх-Амгалан цаашид 3 ээлжийг халах шийдлүүдийн хувьд school map төлөвлөлт хийх, цэцэрлэг дагасан бага сургуулиуд буюу цогцолбор сургууль байгуулах, орон сууцны хорооллууд дунд сургууль, цэцэрлэгийн зориулалттай байрыг төр хувийн хэвшлийн түншлэлээр түрээслээд өмчлөх, шинээр баригдах хотхон хорооллын барилга төлөвлөлтөд тавих шаардлага, хяналтын механизмыг сайжруулах буюу сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг заавал хэрэгжүүлэх, байгууллага, иргэд ААН-ийг дэргэдээ цэцэрлэг сургууль барихад хөнгөлөлттэй зээл, урамшууллаар дэмжих, хороодын Засаг даргын барилга, байгууламжийг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд төсөв санхүүгийн болон бодлогын дэмжлэг олгож өгөхийг НИТХ-ын төлөөлөгчдөөс хүссэн юм. Нийслэлийн боловсролын газраас сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр өнгөрсөн оны 5 дугаар сард 139 сургуульд үнэлгээ хийж, 1-3-р түвшинд ангилж, 3-р түвшний 37 сургуульд “Зөвлөн туслах үйлчилгээ” үзүүлэхээр болсон байна. Менежментээ сайжруулж чадсан сургуулиудад индексийн урамшуулал олгож, шилдэг менежменттэй ментор сургууль болгон батламжлах аж. Цаашид 2-оос дээш насны бүх хүүхдэд үнэлгээ хийж, суралцах чадварыг нь тогтоож, суралцахуйн дата бүрдүүлэх, шинжлэх ухааны суурь тавигддаг гол үе болох 6-9-р ангийн хүүхдүүдийн сургалтын чанарт онцгойлон анхаарах, 1 болон 3 түвшний багш, сургуулийн чанарын ялгааг багасгаж, сургалтын технологийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Мөн тэрбээр боловсролын чанар багшийн чанараас шууд хамаарах тул багш ажлын байран дээрээ хөгжих, сайн багш сайн цалин авах тогтолцооны шинэчлэл хийхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид тодруулга мэдээлэл авч, саналаа хэлж байна.