Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Бадарсантай ярилцлаа.
-Та гурван ч удаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм байна. Нас, туршлага аль аль талаа бодоод Нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн байх. Хоёулаа хотынхоо асуудлаас яриагаа эхлэх үү, аль эсвэл Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн тухай ярилцаж эхлэх үү?
– Танд аль нь илүү чухал санагдаж байна даа. Цаг заваа хэмнээд оршилгүйгээр шууд товчхон ярилцаад явчихъя.
-Хотын асуудал цар хүрээгээрээ чухал ч гэлээ, хотоороо, улсаараа нэг ярьцгааж байна. Харин яг одоо бол Нийслэлийн АН-ын даргаар хэн сонгогдож эрх баригчдыг хэрхэн сөрж ажиллах нь илүү сонирхол татаж байна л даа?
-Хотын эрх баригчид сөрөг хүчнийхээ удаа дараа хэлж ярьж байсан шаардлагуудыг үл тоож явснаар ийм байдалд хүрчихлээ шүү дээ. Тодорхой хугацаанд шуугиад өнгөрч болохгүй л дээ. Буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хотын иргэдийг, хотыг хохиролгүй болгох тал дээр АН-ын бүлэг улам бүр шаардаж ажиллана. Харин манай намын энэ удаагийн сонгууль бол эрх барьдаггүй, төсөв захиран зарцуулдаггүй нийслэлийн сөрөг хүчний намын дотоодод өрнөж буй сонгууль шүү дээ.
Нийслэлийн Ардчилсан намын даргаар хэн сонгогдох вэ гэдгээс илүү, хэнийг сонговол нийслэлийн намынхаа эв нэгдлийг улам бүр батжуулж, судалгаатай, туршлагатай, хүчтэй сөрөг хүчинг бий болгож сонгуульд өрсөлдөж ялалт байгуулах вэ гэдэг талаас нь илүү харах байх гэж найдаж байна. Би найз нөхдөдөө ч хэлдэг л юм. Хоёр гурван төрлийн арга барилд хүмүүсийг ангилж авч үздэг тухай. Миний хувьд багаар, тогтвортой, эрч хүчтэй ажиллахыг эрхэмлэдэг төрөлд нь хамаардаг төрлийн хүн юм шиг байгаа юм. Олон ч сонгуульд баг хамт олноо манлайлж оролцож байлаа. Зөв бодлого, зөв менежментийнхээ үр дүнг олон ч удаа багаараа мэдэрч урамшиж байсан даа.
– Шулуухан асуухад та одоогийн АН-ын дарга Лу Гантөмөрийн ойрын хүн биз дээ?
–Нийслэлийн намын дарга болсон хэн ч бай, Ардчилсан намын даргатайгаа аль болох ойлголцож ажилладаг байвал давуу тал биш гэж үү? Миний хувьд Монголын Ардчилалд анхнаас нь оролцож байсан ааваараа бахархаж явдаг. Мэдээж Нийслэлдээ бол удаа дараа сонгогдсон Сүхбаатар дүүргээрээ овоглогдох нь бий. АН-ын дарга Лу.Гантөмөрийн хувьд манай Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнд 3 удаа сонгогдож байсан. Бид хамтдаа ялж, ялагдаж явсан хүмүүс. Би чинь энэ намд элсээд 27 жил болж байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульт ажилд гэхэд л 17 жил явсан байна. Үзэл санаа нэгтэй нийслэл, аймаг, дүүргүүдийн үе үеийн л төлөөлөлтэй ойр байдаг даа. Хотын удирдлагаар Д.Баттулга, Э.Бат-Үүл дарга нарыг ажиллаж байх 2012-2016 онуудад Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж, хамтдаа нийслэл хотоо өөрчилж шинэчилж хөгжүүлэхийн төлөө зүтгэж байлаа. Тэр үед манай баг Улаанбаатар хотод нэр бүхий олон ажлуудыг зоригтойгоор эхлүүлж хийсэн. Цаашдаа ч бид үргэлжлүүлж хийх ёстой. Хотод инженерийн бодлого, эдийн засгийн тооцоо амин чухал байна.
– Ардчилсан намд ороод 27 жил болж байгаа гэсэн үү, Арай ч үгүй байлгүй дээ. Ингэхэд та чинь “улаан намчин” юм бишүү?
–Намчин намчин. Харин өнгө, үзэл санаа, үйл хэрэг ярьвал тэс ондоо. Миний хувьд МҮАН-д анх 18 настайдаа элсэж байлаа.
-Пөөх улс төрд улаан нялзрайгаараа орсон байна шүү.
-Аавын маань үзэл санаа, үйл хэрэг бас нөлөөлсөн байхаа. Нийслэлийн намд, тэр дундаа Сүхбаатар дүүрэгтээ илүү зүтгэсэн маань хотын хүүхдийн өөрийнх нь сонирхол, сонголт байсан биз. Би чинь бага тойргийн бацаануудын нэг шүү дээ. /Инээмсэглэв/
-Гадарлаж байна. Үнэнийг хэлэхэд зочноо огт судлахгүйгээр ярилцана ч гэж юу байхав. Таны тухай ойр зуурын мэдээлэл олж авсан л даа. Нийслэлийн 1-р дунд сургуулийн тооны ангийн тоочин хүү, Улсын математикийн олимпиадын аварга болж, тэгээд арлын Японыг зорьж байж тиймүү?
-Японд суралцаж цахилгааны инженер мэргэжил эзэмшиж ирээд, МУИС-д санхүүгийн удирдлагаар суралцаж мастераа хамгаалж байсан.
-Түрүүн та аавынхаа талаар цухалзуулсан. Танай аавыг ардчиллын үйл хэрэгт оролцож явсан юм байна гэж ойлголоо. Би зөв ойлгосон байх тиймүү?
-Тэгэлгүй яахав. Аавын маань ажил, амьдралын түүх Ардчилалтай ч, Сүхбаатар дүүрэгтэй ч салшгүй холбоотой. Аав маань ардчиллын үйл хэрэгт идэвхтэй оролцож, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдон ажиллаж байсан. 1996-2001 онд СБД-ийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байлаа.
– Таны хувьд улс төрд орж ирж байгаа залуу үеэ хэрхэн дэмжиж хүлээж авдаг вэ?
–Эрэмбэ дараагаар нь хариулчихья. Аавынхаа үеийнхнийг, өөрөөр хэлвэл Ардчиллын анхны түүчээ болж улс орноо нэг нийгмээс нөгөө нийгэмд оруулж чадсан, аймаг, дүүрэг, нийслэл хотод зүтгэж явсан ах эгч нараа хүндэтгэж явдаг. Зүгээр л төсөөлөөд үз л дээ. Одоо бид бас ч гэж байгаа нийгмээ өөрчилж шинэчлэх гэж ямар их бэрхшээл туулж байгаа билээ. Гэтэл тэд маань байгаагүй нийгмийг бий болгож чадсан шүү дээ. Бас гадна дотны олон талын нөлөөллөөс болж, олон жил лааз өшиглөж боломжоо алдсан ч, итгэл сэтгэлээ гээгээгүй үе тэнгийнхнээ ойлгож, нөхөрлөж, дэмжихийг хичээдэг. АЗХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, залуучуудаа дүү нараа хамгийн сайн ойлгож дэмжиж ажиллах хүмүүсийн нэг гэж өөрийгөө боддог.
–Ардчилсан нам удаа дараа ялагдал хүлээж, үр дүнд нь нам дотроо талцан хуваагдаж, хүч суларсан амаргүй цаг үед эв нэгдлийн төлөө идэвхийлэн хичээж ажилласан гэж та бүхнийг сонссон. Өнөөдөр танай нам ямар байдалтай байна вэ?
-Мэдээж олон хүмүүсийн оролцоо байсан байхаа. АН нэгдэж нийлж нэг тамгатай, нэг даргатай болсоны дараахан манай үеийн нэг журмын нөхөр бичсэн байсан. Лу Гантөмөр тэргүүтэй дунд үеийнхэний “Эв нэгдлийн легаси” гэсэн утгаар. Үе болгон өөрийн гэсэн өв үлдээгээд явбал сайн жишиг тогтоно гэсэн идеал юмуу даа. Ер нь нэг үеэ бодвол цэгцрээд явж байгаа. Ахмад, дунд, залуу үе маань аль аль талдаа одоо ч гэсэн хичээж л байна. Мэдээж гадна дотны олон нөлөөлөл байгаа гэж боддог. Ардчилсан нам институцийнхээ хувьд хөгжлийн үеэ эхлүүлэх, улс орноо өөрчлөх шинэчлэх, хөгжингүй орон болгох өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө ч бас хороо, дүүрэг, нийслэлээсээ эхлээд зүтгэж ажиллана гэж боддог шүү.
-Өнөөдрийн эрх баригчидын Улаанбаатар хотыг засаглахдаа гаргаж байгаа гол алдаа завхрал нь хаанаа байна гэж та үзэж байгаа вэ?
-Хотын түгжрэл, утааны асуудалд тус бүр 1 их наяд орчим төгрөг зарчуулчихлаа шүү дээ. Нийслэлд АН-ын эрх барьж байсан үеийнхээс төсөв нь л гэхэд бараг 3 дахин нэмэгдээд 1,7 их наяд болоод өсчихсөн явж байгаа. Үүнийг дагуулаад үргүй, урсгал зардлуудаа л нэмээд яваад байдаг. Сөрөг хүчин удаа дараа хэлж шаардлагаа хүргүүлсэн ч олноороо аархаад тоодоггүй, төсвийн гүйцэтгэлээ цаг хугацаанд нь тайлагнаач гэхэд гаргаж өгдөггүй, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн тайланг шаардсаар байхад л мэдээллээ ил болгохгүй, сөрөг хүчнээ сонсохгүй хав дарсаар байгаад ийм байдалд хүрчихлээ. Ямар үр дүн гарсаныг иргэд олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байна. Шуудхан хэлэхэд нийслэлийн ажил маш удаан, дампуу байдалтай байгаа. Нэг тийм толгой нь томроод, бие нь давжаараад хатингаршаад ажиллах чадвараа алдчихаад байна. Ямар ч амьтантай зүйрлэмээр юм бэ дээ.
– Ярилцлага өгсөнд баярлалаа. Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Дахин хэлэхэд эрх барьдаггүй, төсөв захиран зарцуулдаггүй, зөвхөн Нийслэлийн намын хорооны гишүүдээсээ санал авдаг сөрөг хүчний намын дотоод сонгууль. Нийслэлийн АН удахгүй улам бүр цэгцэрч, эвийн хүчээр, зөв бодлогоор, оновчтой менежментээр эрх баригчидаас эрс ялгаатай, тэс ондоо гэдгээ харуулж, нийтийн эрх ашгийн төлөө Нийслэл хотынхоо иргэдтэйгээ хамтарч тэдэнд хариуцлага тооцож ажиллана гэдгийг энд харин итгэлтэйгээр хэлчихье.
Ярилцсан Д.Оюу