Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм.
Тэрбээр “Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд, олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Авлигыг өөгшүүлж буй нэг хүчин зүйл нь иргэнд биш даргад хяналтгүй эрх олгосон хууль, журам юм.
Шударга ёсыг нэхэж буй ард иргэдтэйгээ Засгийн газар хамт байна. Авлигыг таслан зогсоож, хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг Засгийн газар дэмжиж ажиллах болно.
Харин иргэдийн авлигыг жигшиж буй чин хүсэл, дарга нарын дураараа аашилдаг байдлыг таслан зогсоох хүсэл дээр ашиг хонжоо гаргаж, авлига, хулгайгаа нуух, хариуцлагаас зугтах, иргэдийн чөлөөт үзэл бодлыг төөрөгдүүлэх санаачилгыг дэмжихгүй бөгөөд эвлэрэхгүй.
Та бид тун удахгүй “Нүүрсний хулгай”-тай холбоотой сонсголыг парламент дээрээ нээлттэй хийх гэж байна. Монголын ард түмний өмч болох байгалийн асар их баялгаас хулгайлсан авлигачдын үнэн нүүр царай энэ үеэр ил болно. Авлигачид зовлон дээрээ нэгдэж байна. Тийм ч учраас авлигачдын ард түмний хилэн, шударга үнэнээс айж, нэгдсэн зохион байгуулалтад орж, олны анхаарлыг сарниулан, нийгмийн тогтворгүй байдалд хүргэх замаар сонсголыг зогсоох, тасалдуулахыг санаархаж байна”гэв.