Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргад бараалхаж, Канад Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Канад-Монголын парламентын бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжиж байгаа гэдгээрээ онцлог юм.