Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах тухай яриа гарсан. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар танилцуулсан уу, ямар үндэслэлээр ийм санал гаргасан бэ?
-Тийм санал огт гаргаагүй. Засгийн газрын хуралдаан дээр ийм зүйл яриагүй. Харин энэ тав дахь өдөр нийтийн тээврийн парк шинэчлэлийн олон улсын тендерийг нээнэ. Олон улсын тендерт ирсэн баримт бичгүүдийг нээлттэй зарлаж, тендерт ирүүлсэн үнэ, хүчинтэй хугацаа, баталгаа зэргийг танилцуулан, богино хугацаанд тендерийг үнэлэх ажлыг зохион байгуулна.
Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс картжуулан, бүртгэлжүүлнэ. НИТХ-ээс баталсан Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлын тогтоолоор тухайн автобусанд хэдэн хүн зорчсоноор нь бус хэдэн цаг явснаар нь тооцож, нийслэлээс татаас өгдөг байсан механизмыг өөрчилнө.
Цагдаа, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд гэхчлэн автобусаар үнэгүй зорчдог иргэдийн картыг шинэчлэн олгоно. Автобусаар тухайн иргэдийг зорчуулсан тоогоор нь санхүүжилтийг олгоно. Уг ажил тооцоо, судалгааны түвшинд явж байгаа бөгөөд одоогоор шийдвэр гарч, албажсан юм байхгүй.
Аливаа зүйлийг үнэгүй болгох тусам халамжийн бодлого л бий болно. Одоо нэг удаа автобусаар зорчиход 500 төгрөг төлж байгаа бөгөөд 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй үйлчлүүлдэг. Үүнийг өөрчилж, нэг өдрийн зорчилтийг 1000 төгрөгөөр тооцож, өдөржин нийтийн тээврээр зорчиход цагийн хязгааргүй 1000 төгрөгөөрөө зорчих тухай тооцооллыг хийж байна.
Одоогийн байдлаар иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Гэтэл автобусаар үнэгүй зорчдог иргэдийн татаас гэж жил бүр автобус компаниудад 240-250 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үнэхээр энэ хүмүүс нийтийн тээврээр зорчдог байсан бол зорчилтийн хувь хэмжээ ийм бага байх учиргүй. Эдгээр иргэд өөр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Тиймээс энэ зорчилтийн хэмжээг нарийн гаргахын тулд бүртгэлжүүлэх хэрэгтэй. Мөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах, нийтийн тээврийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх тухай тооцоо, судалгааг хийж байна.