Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төлбөртэй бүсийн асуудлыг зарим хүмүүс гуйвуулж, иргэдээс шууд 27500 төгрөг авах гэж байгаа юм шиг худал мэдээлэл гаргаж байгаа. Уг нь төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д өгөх тухай зохицуулалт байсан. Энэ санаачилгыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан. Бусад зохицуулалтууд хэвээр үлдэнэ гэж найдаж байна.
Мөн авто тээврийн улсын үзлэгийг нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд нэгдсэн байдлаар орон даяар зохион байгуулдаг болох талаар хэлэлцэж байна. Авто тээврийн улсын үзлэгийг илүү чанартай зохион байгуулж, агаарт бохирдол үүсгэж буй тээврийн хэрэгслийг хүчээр тэнцүүлдэг үзлэгийн төвүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хариуцлагажуулах тухай зохицуулалтыг тусгасан байгаа.
Төлбөртэй бүсийн зохицуулалт байхгүй болчхоор RFID гэдэг хэрэгжүүлэхэд тийм ч тохиромжтой зүйл биш. Энэ тохиолдолд хөдөө орон нутгаас орж ирж буй автомашинуудад RFID суурилуулж байж Улаанбаатар хот дахь зорчилтод нь хяналт тавих орчин бүрдэнэ.”гэв.