“Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно

“Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулах гэж байна.

Эл наадам нь Монголын кино бүтээл болон киноны уран бүтээлчдийг дэлхийд таниулах, чадавхжуулах, кино урлагаар дамжуулан Монгол улсын эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг дэмжиж, мэргэжлийн кино урлаг болон бизнесийн олон улсын түвшинд хүрч ажиллах зорилготой.

“Хархорум” олон улсын кино наадам жил бүр онцлог нэг сэдэвт анхаарал хандуулж, тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлж байх юм.

Түүнчлэн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээж, наадмын үеэр уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр гэсэн гурван хэсэг бүхий олон үйл ажиллагааг зохион байгуулж байх болно.

Өнөө жилийн “Хархорум” наадам ирэх арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

Учир нь дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байна.

Монгол улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн энэхүү тунхгийг хэрэгжүүлж байгаа билээ. Түүнчлэн наадмын үеэр 15 улсын 23 кино, тодруулбал, дэлхийн томоохон кино наадмуудын шагналт, тэр дундаа “Оскар”-ын, Венецийн, Пусаны, Берлиний, Токиогийн кино наадмын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт есөн орны 14 кино өрсөлдөж байна.

Наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк, жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллана.

Түүнчлэн зочноор найруулагч Чунг Жи Яан, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар оролцох бөгөөд кино продюсерүүд, найруулагч нар дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзаж, мастер класс, сургалтанд нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагчидтай биечлэн уулзаж ярилцах, зөвлөгөө авах боломжтой.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …