Цэргүүд барилгын 7 төрлийн мэргэжил эзэмшиж байна

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн салбартаа хийж буй шинэчлэлийн бодлогын нэг нь хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй, ажилтай, орлоготой болгож, эх орноо хамгаалах үндсэн үүргийнхээ зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад түлхүү оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ оны гуравдугаар сард шинэчлэлийн Засгийн газраас батласан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр амжилттай хэрэгжин, эх орны өнцөг булан бүрт цэрэг дайчдын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр байшин барилга босч, зам гүүр зурайж бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Хугацаат цэргийн алба хаагч, ахлагчаар бэлтгэгдэж байгаа сонсогчид ч алба хаах хугацаандаа номын дуу сонсч, тусгай мэргэжлээр онол, практикийн дадлага хийн сургалтанд хамрагдаж, мэргэжлийн зэрэг дэвээ тогтоолгон үнэмлэх гардаж, улмаар ажил хийж эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохоос гадна цалин хөлс, урамшууллаа хүртэж, өөрийнхөө амьдралд ч мөнгөөр үнэлэшгүй томоохон хөрөнгө оруулалт хийж байна.

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын төв болон Зэвсэгт хүчний 013, 017 дугаар ангиудын 150 цэргийн алба хаагчдад барилгын мэргэжил олгох сургалт сар гаруйн өмнө эхэлсэн билээ. Бид саяхан энэхүү сургалтын үйл явцтай танилцаж, багш, шавь-цэргүүдийн сэтгэгдлийг сонсох, басхүү туршилтын уг ажлынхаа үр дүнг газар дээр нь харахаар ЗХЖШ-ын сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ж.Сүх-Очир, БХЯ-ны БХАҮН-ийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн М.Нэргүй нартай “дөрөө нийлсэн” юм.

Хөдөлмөрийн яамны ХҮТ-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр БХЯ-ны БХАҮН, ЗХЖШ болон нэр бүхий дөрвөн МСҮТөвийн хамтран хэрэгжүүлж буй Цэргийн алба хаагчдад энгийн мэргэжил олгох сургалт нь 45 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд хамрагдсан цэргүүд онолын сургалтаа дуусгаад, бүгд дадлагын ажилдаа гарчээ. “Мила”, “МонТа”, Монголын барилгачдын холбооны МСҮТөвүүдээс гадна Техник технологийн дээд сургууль дээр цэргүүд өрлөг өрж, гагнуур хийж, мужаан болж, ор, сандал урлаж, засал чимэглэл хийн орчноо өөд татаж, сантехникийн монтаж, холболт хийж сонсч дуулсан онолын мэдлэгээ амьдрал дээр буулган дадлагажиж байна. Энгийн сургалтаар хоёр жил гаруй хугацаанд суралцан олдог мэдлэг, дадлага, ур чадварыг тун шахуу хөтөлбөрөөр чанартай эзэмшиж байгаа цэргийн алба хаагч шавь нараа дээрх сургалтын төвийн багш нар “Дэг журамд суралцсан, зорилготой болохоор заасныг түргэн хүлээж авдаг, цаг яс барьдаг” гэхчилэн үнэлж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй…

Цэргийн алба хаагчид энэ хугацаанд бетон арматурч, өрлөг угсрагч, засал чимэглэлч, сантехникч, гануурчин, мужаан гэсэн зургаан төрлийн барилгын бага мэргэжил эзэмшиж, шалгалт өгөөд, мэргэжлийн I-III зэргийн үнэмлэхтэй төгсөх ажээ. МСҮТөвийнхөн мэргэжлийн онолын мэдлэг олгохоос гадна амьдрах ухаанд сургах, мэргэжилдээ эзэн болох, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ч сургалтынхаа хөтөлбөрт оруулан заажээ.

2009 онд байгуулагдсан, арав гаруй аймагт салбар сургалт эрхэлдэг “МонТа” МСҮТөвийн инженер багш Ж.Түмэнцэцэг “Бид “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт цэргийн алба хаагчдад сантехникийн мэргэжил эзэмшүүлэхээр сургалт явуулж байна. Бид цэргүүдийнхээ хөдөлмөр аюулгүй байдалд анхаарч, хувцас хэрэглэлээр бүрэн хангаж, сургалтыг явуулж байна. Эдгээр шавь нарын маань хэн нь, хаана ч PVC, ган хоолой гээд шаардлагатай материалаар сантехникийн холболт, монтаж хийх чадвартайгаас гадна барилгын зурагтай ч ажиллаж чадахаар болсон” гэлээ.

Техник технологийн дээд сургуулийн барилгын инженер, багш Д.Ариунаа цэргийн алба хаагчдад өрлөг угсрагчийн мэргэжил олгох сургалтыг явуулж байна. Тэрбээр, цэрэг, сонсогчдыг дадлага хийлгэх, мэргэжлийн чиг баримжаа, ойлголтыг бодитойгоор өгөхөд уг сургалтын төвөөс анхаарч ердийн, өнгөлгөөний, гоёлын гээд бүхий л төрлийн тоосго, хөөсөнцөр, шилэн хөвөн, дүүргэлтийн бусад бараа материалаар хангаж байгаагаа дурдаад, басхүү 16 жил багшлахдаа цэргүүд шиг зорилготой, хурдан сурдаг, ёстой “амар” суралцагчтай цөөн таарч явснаа өгүүлж байлаа.

Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр 20 цэргийн алба хаагч, сонсогч засал чимэглэлчийн мэргэжил эзэмших сургалтанд хамрагдан, мөн дадлагаа хийж эхэлжээ. Цэргүүдийн сурсан эрдэм, хийсэн ажлын үр дүн нүднээ илт байлаа. Тус ангийн зарим өрөө тасалгаа, гал тогооны танхим тэдний гараар өнгө оржээ. Ус алдаад ашиглахад бэрхтэй болсон байсан 1800 квм талбайтай гал тогооны танхим сурсан мэдсэнээ дадлагаараа тайлагнасан цэргүүдийн гараар өнгө зүсээ олсныг бид харлаа. Цэргүүдтэй уулзаж явахад, өөрсдийгөө албаа хаангаа мэргэжил эзэмшиж байгаа азтай залуус гэж байлаа.

 

Үнэхээр, эх орноо хамгаалах ариун үүрэгтэй дайчин цэрэг эрс албаа хаагаад ардын дунд орохоороо хэнээс ч илүү сайхан амьдраад, ажиллаад явах итгэл төгс байнаа.

Д.Гүнжилмаа засаг.мн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …