Засгийн газрын хуралдаанаар малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэлээ. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.
Цаг уурын байгууллагаас 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 хувьд их, 25 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Зудын байдалд үнэлгээ хийхэд мөн өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум, Улаанбаатар хотын алслагдсан нэг дүүрэг зудархуу нөхцөлд байна.
Манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.