“Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн эзэд тодорлоо

Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Монголын Эмнести Интернэшнл, “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл хамтран тус клубийн сэтгүүлчдийн дунд “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааныг 12 дугаар сарын 01-нээс 10-ны өдөр зарласан. Тус бүтээлийн дүн гарч, өнөөдөр сэтгүүлчдэд шагнал гардууллаа.

Тэргүүн байранд:  “Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжилга, шуурхай мэдээний албаны дарга, сэтгүүлч С.Уянга “Яндан цөөлөх “хууль”аар төр эзнээс нь асуухгүйгээр газрыг нь булаах уу?” нийтлэлээрээ,

Хоёрдугаар байранд: Unuudur.mn сайтын сэтгүүлч Д.Мягмаржаргал “Төрд гологдсон хүүхдүүд”,

Tsahiur.mn-ийн сэтгүүлч С.Шүрэнчимэг, Д.Нарантуяа нар “Дахин төлөвлөлт нэрээр иргэдийнхээ орон байртай байх, өмчтэй байх эрхийг зөрчсөөр…” нийтлэлээрээ,

Гуравдугаар байранд:  Peak.mn сайтын редактор Г.Батзаяа “Эрхээ хашаатайгаа хашуулсан 10 жил”,

МҮОНТ-ийн MM агентлагийн сэтгүүлч Д.Баяржаргал, Э.Отгонцэцэг нар  “Дахин төлөвлөлт удааширч иргэдийн эрх зөрчигдөж байна” сурвалжилга,

Чөлөөт сэтгүүлч А.Уянга “Золиослогдсон эрх” бүтээлээрээ тус тус эзэллээ.

Тусгай байранд “Миний өглөө” подкастыг санаачлагч, сэтгүүлч Э.Ганхуяг,

МҮОНР-ийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Золжаргал нар шалгарлаа.

“Телевиз, сонин, сайт, подкаст, чөлөөт сэтгүүлч гээд хэвлэл мэдээллийн бүх төрлийн төлөөлөл оролцсон, оролцогчид нь мэдээллээ бодит баримт, кейс дээр тулгуурласан, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангахад анхаарсан гээд 10 хоногийн хугацаанд чамбай, цааш нь хөөн сурвалжлах бүтээлүүд гарлаа.” гэж “Зууны мэдээ” сонины тоймч Ц.Мягмарбаяр нарын шүүгчээр ажилласан сэтгүүлчид дүгнэлээ.

Монголын Эмнести Интернешнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, “Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо”  эвслийн тэргүүн Б.Нямжав нар уралдаанд оролцсон сэтгүүлчдэд баяр хүргээд  богино хугацаанд асуудлыг ул суурьтай сурвалжилж, мэргэжлийн түвшинд гаргаж тавьсныг онцоллоо.

Мөн бичиж нийтэлснээ олон нийтэд, бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгчдэд хүргэх нь мөн чухал гэлээ. Орон байртай байх, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд суурь нь болохыг ч хэлж байлаа.

“Гурван талын хамтран зохион байгуулсан “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” аяны хүрээнд сэтгүүлчдийг тухайн чиглэлээр сургаж, мэдээллээр хангахад анхаарч ажилласан нь сэтгүүлчдийн идэвх оролцоо, бүтээлийн чанарт нөлөөлснийг “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Д.Даваадулам онцоллоо.

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб үүсэн байгуулагдаад хоёр жил гаруй хугацаанд сэтгүүлчдэдээ тогтвортой хөгжлийн боловсрол олгох, тэр дундаа хүний эрхийн мэдлэг мэдээллээр хангах, чадавхжуулахад анхаарч ажиллаж байна гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …