Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин П.Чулуунтамирын хот айлаар орж, өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцууллаа.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа хэдий ч бусад багууд болон зэргэлдээ сумдаас 10 мянга орчим мал отроор өвөлжиж байгаа нь туурайн зуд нүүрлэх шалтгаан болж байгааг сумын Засаг дарга Ю.Баасанжаргал онцолсон юм.
Малчид өвс тэжээл хэт үнэтэй байгаа талаар болон малын түүхий эд үнэгүйдэж, түлш шатахууны хангалт, нийлүүлэлт хомс байгаагийн улмаас отор нүүдэл хийхэд хүндрэлтэй байгааг уламжилж байлаа.
Засгийн газраас Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна, шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тн дизель түлшийг олгох болсон тул орон нутгийн удирдлагууд өвөлжилт хүндрэлтэй байгаа болон отрын гол бүс нутгуудад хуваарилах зохион байгуулалт хийхийг Шадар сайд анхаарууллаа.