Х.Болормаа:Мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил зориулсан ахмадуудаа үргэлж халамжилж байх ёстой

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран дүүргийнхээ 20 мянга гаруй ахмадын төлөөллийг Соёлын төв өргөөнд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Жил бүрийн аравдугаар сарын 01-нийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн 31 дэх жилдээ тэмдэглэж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, Ахмадын хороон дарга Б.Мөнхцэцэг болон ДИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, Ажлын албаныхан ахмадуудын хамт оролцлоо.

Арга хэмжээг нээж, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа нийт ахмадууддаа хандан баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын онцлох ажлынхаа талаар танилцууллаа.

Тэрбээр “Төр бол залуу нас, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил зориулсан ахмадуудаа үргэлж халамжилж байх ёстой. Эх орныхоо хөгжлийг бүтээлцсэн ахмадуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн оролцоог хангахад зориулж, 14 дүгээр хороо буюу гэр хорооллын бүсэд Ахмадын хөгжлийн төвийг орон нутгийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон. Орон сууцны бүс буюу хотын төвийн хорооны гарааш чөлөөлсөн аль нэг байршлаас сонгон ахмадууддаа хөгжлийн төв барих төлөвлөгөөтэй байгааг ч мөн дуулгалаа.

Түүнээс гадна дүүргийн 145 мянга гаруй иргэдэд хамгийн хэрэгтэй бүтээн байгуулалт бол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга юм. Улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2021 онд эхлүүлсэн Нэгдсэн эмнэлгийн барилгын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа бөгөөд ирэх оны 2 дугаар улиралд ашиглалтад орно. Энэ бүх хөрөнгө оруулалтууд тэр дундаа эрүүл мэндийн салбарын болон иргэдийнхээ ая тухтай амьдрахад чиглэсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход санаа, зорилго нэгтэй дэмжсэн дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдлага, хамт олондоо энэ танхимд цугласан ахмадууд болон нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …