Орон нутгийн хамгаалалттай газрыг байгальд ээлтэй болгон, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг хангах, экосистемийг алдагдуулахгүйгээр иргэдийн амралт чөлөөт цагаа байгальд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баянгийн аманд 863.1 метр урт шороон далантай, 280000 куб метр ус хуримтлуулах эзлэхүүнтэй, 110000 ам метр усан мандлын талбайтай хиймэл нуур /хөв/ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус хиймэл нуурыг байгуулсан газарт ажиллалаа.
Сэлбэ голын эх 2,071.5 га газар нутгийг ой, ус намаг, нэн ховор, ховор ургамал ургах нөхцөл, амьтдыг хамгаалах зорилгоор хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий газар гэж үзэн “Сэлбэ голын эх” нэрээр 2012 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн хамгаалалтад авсан байна. Ийнхүү Нийслэлийн Байгаль орчны газар “Бага баян лейк” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 2022-2023 онд уг хиймэл нуурыг байгуулсан байна.
Хотын дарга тус бүтээн байгуулалтад Улсын комисс ажиллуулан, хиймэл нуурын усанд хүн амьтан эрсдэхээс сэргийлсэн тэмдэг тэмдэглэгээг нэмж байрлуулах, аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл өгөв. Мөн өөрийн хөрөнгөөр хиймэл нуур байгуулах сонирхолтой хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, экологийн ач холбогдол бүхий газруудад байгуулах, гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын доорх усны ашиглалтыг багасгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.