Нийслэлийн хэмжээнд хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ.

Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна. Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Мөн багш, эцэг эхчүүдээс электрон тамхины хэрэглээг хязгаарлах хүсэлтийг удаа дараа ирүүлсний дагуу дээрх захирамжийг гаргаж буй. Никотин нь өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөөтэйгөөс гадна сэтгэл түгших эмгэг ихсэх, уушги цоорох эмгэгийн үүсгэгч болж буй судалгаа бий хэмээлээ.

Одоогийн байдлаар 111 улс электрон тамхины хэрэглээг ямар нэгэн байдлаар зохицуулж буй. Тодруулбал, 32 улс электрон тамхи худалдаалахыг хориглодог бол 79 улс электрон тамхины хэрэглээг зохицуулах нэг болон түүнээс олон хуулийн зохицуулалттай. Харин 84 улс ямар ч зохицуулалтгүй байгаа юм. Манай улсад ч мөн электрон тамхитай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Бага хэмжээний ашиг орлогын төлөө электрон тамхи худалдаалж, хүүхдүүдийн эрүүл мэндийг хохироохгүй байхыг уриалъя” гэв.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …