Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад урлаг, спортын олон талын авьяастай хугацаат цэргийн алба хаагчид олон бий. Цэргийн албанд тэдний авьяас чадвар улам хөгжүүлж, магадгүй ажил амьдралынх нь зорилго, хүсэл тэмүүлэл болтол нь “өнгөлж” дэмжсээр иржээ. Хугацаат цэргийн албаа хааж байхдаа тив дэлхийн аварга, урлаг соёлын тод төлөөлөл болон гялалзсан түүх, баримт ч олон сон.
Энэ жишгээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч байлдагч Бэхбатын Алтаншагайгийн эх хэлээрээ уран тансаг буюу төгс бичиж сурах хүсэл тэмүүллийг нь анзаарч, бийр бусад хэрэгслийг нь анги хамт олноос нь шинэ жилийн бэлэг болгон авч өгсөн байна.
Сургалт бэлтгэлээс бусад цагаар үндэсний монгол бичгээр дагнан гаргадаг “Хүмүүн бичиг” сонинг уншиж, төрсөн өдөр нь тохиож буй зарим онжавууддаа нэрийг нь уран бичлэгээр сийлэн дурсгадаг байна. Байлдагч маань монгол бичгээр уран тансаг бичих эрдэмд наймдугаар ангиасаа хойш суралцаж яваа бөгөөд монгол хэлний багш Золжаргал хобби болтол нь дэргэдээ зааж зааварласан гэнэ.
Тэрээр хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн хүний их эмч мэргэжлээр гуравдугаар дамжаанд суралцаж байжээ. Цэргийн албанд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр ирсэн, энэ шийдвэрийг хамтран суралцагч анагаахын оюутнууд их гайхаж хүлээж авсан гэв.
Аав минь “Айлын том хүү цэрэгт явах ёстой. Аав, ээж нь хүүгээ эх орондоо данстай эр цэрэг байгаасай гэж хүсэж байна” гэж ятгаж зөвлөсөн нь ч надад нөлөөлсөн гээд гэрийнхэн нь Цэргийн тангараг өргөх ёслолоор ирээд “Цог жавхлантай сайхан эр хүн болсон байна” гээд баярласныг нь бахархан дурдлаа.
Тэрээр дайчин нөхдөө төлөөлж үг хэлэхээр тайзан дээр гарах үед нь хоёр дүү Б.Цогжавхлан, Б.Энхмишээл нар нь олны дундаас “Агаа мөн байна, мөн байна” гээд орилж байсан нь хамгийн мартагдашгүй мөч болон үлджээ.
Байлдагч Б.Алтаншагай хугацаат цэргийн албаа нэр төртэй хаачхаад их сургуулиа амжилттай дүүргэж, Монгол Улсдаа чадварлагт тооцогдох гоо сайхны хагалгааны их эмч болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэнэ. Тэрээр монгол бичгээр бичих сонирхлыг нь хүндэтгэн, бийр, цаас, усан будаг, бусад хэрэгслийн дэмжлэг үзүүлдэг ангийнхаа хамт олонд талархал илэрхийлж, Улаанбаатар хотод суугаа аав Л.Бэхбат, ээж Б.Цэндмаа, хоёр дүүдээ удахгүй болох шинэ оны мэнд өргөн дэвшүүлж “Эр цэргийн албанд хүү нь алзахгүй сайн явна аа” хэмээн дамжуулсан билээ.
Д.БОЛОР