2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна.
Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо жил ирэх тусам буурч буй.
Мөн иргэдээс түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар асуухад хамгийн их дэмжлэг авсан нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэг шинээр барьж, хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх санал байсан.
Үүний дараа томоохон зах, худалдааны төвүүдийг дэд төвүүдэд тархаан байршуулах, метро болон их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг гэрлэн дохионы зохицуулалт гэж санал өгсний дагуу нийслэлийн удирдлагууд судалгаан дээр үндэслэн ажиллаж байна.
Иргэдийн 90 хувь нь багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа метрог дэмжиж байгаа судалгаа гарсан юм.