Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.


Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой.

Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил нэмэгдэж ходоодны архаг үрэвсэлтэй өвчтөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 69 хувийг эзэлж байна.

Үүнээс эмэгтэйчүүдэд энэ өвчинд илүү өртдөг. Харин эрчүүд өөрсдийгөө үзүүлдэггүй. Зовиур шинж тэмдэг удаан явагдаж эмнэлгийн тусламж авахаас аргагүйд хүрсний дараа эмнэлэгт хандаж архаг үедээ оношлогддог. Хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэл нь Ходоодны хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болдог. Мөн Стресст өртөх нь ходоодны өвчлөлийг үүсгэхэд ихээхэн нөлөөлдөг.

Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь стресстэй нийгэмд амьдарч байгаатай холбоотой бөгөөд стресст их өртөж сэтгэл санаа тогтворгүй удаан үргэлжлэх нь эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна. Хеликобактерийг түгээмэл оношилгооны арга нь цус, өтгөн, амьсгалаар илрүүлэх шинжилгээ юм. Хеликобактер нь хэвийн хэмжээнд байвал зовиур өвчлөл үүсгэхгүй. Харин хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдлыг шинжилгээгээр илрүүлэх боломжтой бөгөөд эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэсэн тохиолдолд эдгэрэлт өндөр хувьтай байдаг.

Ходоодны өвчлөлийг дурандах нь  оношлогооны хамгийн оновчтой арга гэдгийг иргэд тэр бүр мэдэхгүй учраас хүмүүс цаг алдаж эмнэлгийн байгууллагад ханддаг нь  эмч мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байна.

Залуусын дунд архи согтууруулах ундааны хэрэглээ их байна. Мөн өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эм, цус шингэлэх эм, дааврын гаралтай эмүүдийг эмчийн зааврын дагуу хэрэглээгүйгээс үүдэж ходоодны өвчлөл нэмэгдэж байна.

Зөв хооллолт, амьдралын зөв дадал хэвшил таны эрүүл мэндийг хамгаална.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …