Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй болохоор танд зүгээр л гөлчийтөл нь боочихмоор эсвэл малгай өмсөөд нуучихмаар санагддаг уу?

Үс бидний харагдах байдалд маш том нөлөө үзүүлдэг учраас үсээ харахаар л бүүр сэтгэлээр унаж байгаа биз? Тийм болохоор үсээ хэрхэн зөв арчилж, эрүүл болгох, эрүүл хэвээр нь хадгалах зөвлөгөөг хүргэж байна.

1. Үсээ угаахынхаа өмнө самна

Угаахынхаа өмнө үсээ самнаж орооцолдоог нь гаргавал шампунь хуйханд жигд хүрч илүү сайн цэвэрлэх бөгөөд угаах явцад үс орооцолдон илүү их унахаас сэргийлнэ. Угаахынхаа өмнө самнаагүйгээс болж орооцолдсон үсийг дараа нь самнавал бүүр илүү их унадаг.

2. Ангижруулагчийг зөв хэрэглэ

Та бүсэлхий шүргэсэн урт үстэй л биш бол ангижруулагчаа зоосны хэмжээгээр авч түрхэхэд хангалттай. Ихийг түрхвэл үс шалчийж, амархан тослогтдог. Мөн ангижруулагчийг хуйхандаа биш үснийхээ үзүүрт түрхэх ёстой ба шампунийг харин үснийхээ үзүүрт биш хуйхандаа түрхэх ёстой байдаг.

Ангижруулагчаа үснийхээ үзүүрээс хуйх хүртэл (яг хуйхан дээрээ түрхэхгүй) түрхэнэ. Үс нь арзайж, соронзлогддог, хуурайшдаг бол ангижруулагчаа хэдэн минут байлгаад усаар зайлаарай. Мөн шампуниар угаах тоолондоо араас нь заавал ангижруулагч түрхээрэй.

3. Үсний тэжээлийн маскыг удаан байлга

Хэрвээ та үсээ ойр ойрхон будуулдаг, сэнсддэг, индүүддэг бол таны үс барагтаа л бол хуурайшиж гэмтсэн байгаа. Тиймээс долоо хоногтоо 1 удаа үсний тэжээлийн маск эсвэл ангижруулагчаа түрхээд 5-10 минут орчим байлгаарай. Ингэвэл үсний ширхэгүүд чийглэг, гялалзсан байна.

4. Шим тэжээлийн тэнцвэртэй хоол ид

Та юу иднэ, тийм л болно гэдэг үг үнэн шүү. Таны үсний 95 хувь нь кератин гэх уургаас бүрддэг учраас уургаар баялаг хүнс сайн идэж байгаарай.

Жишээлбэл:

  • Загас
  • Мах
  • Өндөг
  • Шош, үр

Үсэнд сайн бусад хүнснүүд гэвэл жимс: (нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө гэх мэт. Бууцай, авокадогаас гадна коллагенийн нийлэгжилтийг нэмэгдүүлж үсийг бат бөх болгох витамин Ц болон Е-ээр баялаг бүх хүнс.

5. Бүлээн усаар угаа

Өдөр бүр халуун шүршүүрт орох нь хуйхыг цочроож, аажимдаа үсийг унамтгай хэврэг болгодог. Тиймээс үсээ үргэлж бүлээн усаар угаагаад эцэст нь хүйтэн усаар зайлж байгаарай. Ингэвэл үс илүү гялалзсан харагдаж, үсний уутанцар хүйтэнд агшиж үс унахаас сэргийлнэ.

6. Үсээ халуун температураас хамгаал

Үс нарнаас цацрах хэт ягаан туяа болон салхи, халуун агаар гэх мэт гадаад орчноос болж гэмтэж, салаалдаг. Тиймээс та үсээ аль болох өөрөөр нь хатааж, индүүдэхээсээ өмнө халуунаас хамгаалах спрэй цацаж байгаарай.

7. Хуйхаа л сайн арчилбал үс бүхэлдээ эрүүл

Хэрвээ таны хуйх загатнаж, хагтаж, хуурайшиж, тослогтоод байгаа бол асуудалтай байна, эмчлэх шаардлагатай байна гэсэн үг. Хэрвээ таны үс хагтаж загатнадаг бол хагны эсрэг шампунь хэрэглээрэй эсвэл салонд очиж хуйхны эмчилгээ хийлгээрэй.

8. Унтахдаа ч гэсэн Рапунзэл шиг унтана шүү

Та торгон эсвэл сатин материалтай дэр дэрэлж унтаарай. Ингэвэл таныг унтах зуур үс болон даавуу хоорондоо үрэгдэж үс салаалж гэмтэхгүй. Мөн өглөө сэрэхэд ч бага соронзлогдож, хуурайшихаас сэргийлнэ.

Ганцхан үснийхээ төлөө дэрнийхээ уутыг солино гэж шал балай сонсогдож байвал та үсээ сулхан шуугаад эсхүл сүлжээд унтаарай.

9. Үснийхээ үзүүрийг тогтмол тайруул

Улирал тутамд үснийхээ үзүүрийг хэдэн см тайруулах эсвэл салааг нь түүлгэж байвал үс үзүүр хэсгээрээ салаалж, хугарч, шингэрч харагдахгүй нэгэн жигд, эрүүл харагдах болно.

10. Үсээ зөв хатаа

Үсээ угаасныхаа дараа аль болох өөрөөр нь хатааж байгаарай. Хэрвээ боломжгүй бол алчуур эсвэл хуучин футболкоор үрж биш дарж илүүдэл усыг нь шингээж авсаны дараа шуугаад орхих эсвэл 70%-тай хатсаны дараа сэнсээр үлээлгээрэй.

11. Угаасныхаа дараа том шүдтэй самаар самнах

Үс нойтон дээрээ маш хэврэг байдаг тул үсээ 50% хэртэй хатсаны дараа том шүдтэй самаар үзүүрээс нь уг хүртэл самнаарай. Үзүүрийг нь самнахдаа дээд хэсгийн үсийг зулгаагдахаас сэргийлж гараараа атгаарай.

Санал болгох мэдээ

Салфеткан маскны үйлчилгээг нэмэгдүүлэх зургаан арга

Өдөр тутамд арьсандаа нэмэлт тэжээл өгөх хамгийн хялбар арга бол Салфеткан маск. Бидний ашигладаг серум, …