Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулж байна

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2024.01.06) Төрийн ордны “Их Монгол” танхимд эхэллээ.

Тэмцээнийг орон даяар нээлттэй зарлаж, анхан болон хагас шигшээ, шигшээ гэсэн гурван үе шаттай явуулж ирсэн  уламжлалтай  бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа уг тэмцээнийг анх санаачилж, тухайн үеийн Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн түүхтэй юм.

Тэрбээр тэмцээнийг нээж, Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн мэндийг дэвшүүлээд, “Ухаан хүрэхгүй газарт уур хүрдэг” гэж бидний өвөг дээдэс сургамжлан захиж, өвлүүлэн ухааруулж ирсэн.

Өнөөдөр Монголын нийгэмд уур уцаар, бухимдал их байгаагийн тайлбар нь энэ ч байж мэдэх юм. Амьдралыг таньж, ертөнцийн явдлыг мэдэхийн ур ухаанд хүмүүний оюун билгийг дасгалжуулдаг спорт бол шатар юм. Тийм ч учраас оюун ухаанаа хурцлах, билгийн мэлмийгээ тэлэх хийгээд хүн хүндээ хүндэтгэлтэй, уужуу талбиун хандах, холыг харж, тэнүүн сэтгэхийг ард иргэд, залуучууддаа уриалан таниулахын тулд Улсын Их Хурал шатрын спортыг хөгжүүлэхийг дэмжиж, сонгосон юм.

Ахмад, залуу гэлтгүй нэгэн өрөг дээр оюун бодлоо сорилцон өрсөлддөг нь шатрын спортын онцлог юм. Монголын шатарчид бага, өсвөр наснаасаа дэлхийн дэвжээн дээр багагүй амжилттай өрсөлдсөөр ирсэн уламжлалтай. Цаашид ч монгол хүний оюун ухааны цар чадал улам тэлж, тэнүүн саруул ирээдүйг цэцэглүүлэн хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.” гэж хэллээ.

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 тамирчин шалгаран үлдэж, өрсөлдөж байна.

Тэдний хамгийн ахмад нь Ардын Их Хурлын депутат, 85 настай Д.Найдан, хүний их эмч, 82 настай С.Ёндонцоо, эмэгтэй тамирчдаас 63 настай С.Саран, хамгийн залуу нь 18 настай Б.Цогтбаяр, Г.Ганхүлэг, Н.Очирваань, 19 настай Н.Мөнгөнсарнай, О.Цагаанбаяр нар юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний шагналт, Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын мастер, Их мастер Б.Мөнгөнтуул нар тэмцээний нээлтийн хүндэтгэлийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ.

Шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ардын Их Хурлын депутат П.Энхсайхан, Д.Найдан, С.Билэгсайхан, Улсын Их Хурлын гишүүн асан  Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар болон албаны хүмүүс оролцов.

 Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …