Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг бий.
Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд барилгын болон бусад хог хаягдлыг зөвшөөрөлгүй газарт төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж.
Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын үерийн далан орчимд үүссэн хур хог хаягдлын цэг юм.
Зөвшөөрөлгүйгээр хог хаягдал хаяж буй иргэн, аж ахуйн нэгжийг харьяа дүүрэг, хорооноос илрүүлэх боломжтой үедээ илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг авдаг боловч ихэвчлэн шөнө оройн цагаар хаях тохиолдол их байгаа аж. Иймд хариуцлага болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага үүсээд байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Хог цэвэрлэгээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг дүүргүүд хариуцдаг болсон. Харьяа дүүрэг, хорооны олон нийтийн байцаагч нарын хараа хяналтыг сайжруулах, камержуулалт, гэрэлтүүлгийг нэмгдүүлэх шаардлагатай байна. Эзэн бие нь тодорхойгүй этгээдүүд нууцаар хур хог хаяж, үүнийг нь нийслэл, дүүргээс төсөв гарган цэвэрлэдэг. Гэвч хэдэн сарын дараа дахиад л хур хог үүсдэг. Тиймээс хариуцлагын тогтолцоог чангаруулж, байгаль орчинд ээлгүй, зөвшөөрөлгүй хог хаяж буй этгээдүүдийг тогтоож, хариуцлага хүлээлгэн, нөхөн төлбөр төлүүлнэ. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд уг асуудалд томоохон шийдэл гарган ажиллах хэрэгтэй” гэлээ.