Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ сарын 5-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбарын оролцоо, шийдлийн талаар санал солилцсон юм.
Нийслэлийн хэмжээнд 08:00-19:00 цагийн хооронд нийт ослын 71 хувь нь гардаг бөгөөд зам тээврийн нэг ослоос үүдэн замын хөдөлгөөн дунджаар 38 минут саатдаг гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, осолд орсон автомашин зам дээр зогсох тусам хотын замын хөдөлгөөний дундаж хурд удааширч буй.
Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэг болох авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбараас тодорхой шийдлүүдийг боловсруулж байгаа. Тодруулбал, зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар дээр нь үнэлгээг нь хийх боломжтой “Zuragu system” гэх технологийн шийдлийг боловсруулсан.
Мөн даатгалын салбарт хэрэгжиж байгаа нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан Улаанбаатар хотын хаана, ямар эрсдэл гараад байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн. Түүнчлэн эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргадаг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлэх шийдлийг боловсруулаад байна. Эдгээрийг нэвтрүүлснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээнд бууруулах, хурдан хугацаанд зам тээврийн ослын шалтгааныг шийдвэрлэх, эрсдэл бүхий замыг харах боломж бүрдэж буй юм” гэв.