УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр хэлэх үг байна. Иргэдээс маш их санал ирж байгаа учир дуу хоолой нь болох ёстой. “Гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна” гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн, монгол газар нутагтаа эзэн байх тухай би хэлэх гэж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль гэчхээд хөрөнгө оруулалтын босгогүй болгож байгаа нь хөрөнгө татах биш мөнгөгүй гадаад хүнийг оруулж, газраа өгөх далд санаа агуулж байгаад харамсаж байна. Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиндаа тодорхой нөхцөлүүдийг тавьдаг. Тухайлбал, АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босго тавьдаг. БНСУ 100 сая вон.
“Босгоо намсгахгүй бол, газраа үнэгүй ашиглуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй” гэдэг гадаадын нэг бизнес байхгүй. Хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгаагийн хамгийн том шалтгаан бол хууль, эрхзүйн тогтворгүй байдал. Хууль байнга өөрчлөгдөж тогтворгүй байдагтай холбоотойгоор орж ирэхгүй байгаа юм аа. Энэ хуульд гэхэд л сүүлийн 11 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт орсон байна шүү дээ.
Ч.Хүрэлбаатар гишүүний хууль батлагдлаа гэхэд жинхэнэ хөрөнгө оруулагчид итгэж орж ирэх юм уу. Монгол хүнд 15 жилээр олгодог газрын эрхийг гаднын хүнд 100 жилээр ашиглуулах гэж байна. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байгааг сошиалаас та нар харж байгаа байх. Монгол малчдыг малынх нь бэлчээр дээрээс хөөх эрсдэл үүсэж байна шүү дээ. Ч.Хүрэлбаатар сайд аа Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих.