Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад хамтран ажиллахаар санал солилцлоо.
Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, референт Н.Золжаргал нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нарын албан тушаалтнуудтай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тухайлбал, ХЭҮК-ын орон нутаг дахь референт, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр аймгуудад бэлтгэгдсэн сургагч багш нартай хамтран сонгох, сонгогдох эрхээ хэрхэн эдлэх талаарх сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, мэдлэг мэдээллийг түгээх, Комиссын албан хаагчдыг Сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулиар мэргэшүүлэх сургалтад хамруулж, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болон гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэд, уул уурхай, нийтийн тээвэр, цэргийн анги, салбарт хугацаат цэргийн алба хааж буй иргэдийн сонгох эрхийг эдлүүлэхэд онцгойлон анхаарч, сонгуулийн үеэр ажиглалт, дүн шинжилгээ хийх асуудалд төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахаар шийдвэрлэв.