Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.08-наас 14-ны өдрүүдэд) 30,236 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Өмчлөх эрхийн эсрэг 87, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, бусад 2 хэрэг байна.
Мөн 50,392 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 45,093 зөрчлийг шийдвэрлэж, шүүхээр 421 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1,623, Танхайрах 161, Хүний биед халдах 435, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 201, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 43,061 болон бусад төрлийн зөрчил байна.
Түүнчлэн хүүхдийн эрхийг зөрчсөн 93 иргэнд 27,900,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 201 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 12, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 27, сураггүй алга болсон хүн 44, шүүхээс даалгасан хүн 100, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн үйлдэлд “Б” нарын 3 этгээдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Э” нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх 150,000 төгрөгөөр торгох,
Мөн иргэн “Х” нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч улсын дугаар байршуулан замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.