“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн зохион байгуулж байгаа Баянхонгор аймагт байгуулагдсан ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ.
“Ингэн эрдэнэ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр ингэний сүүг хатааж бэлтгэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагаатай нь танилцав.
Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхдийн угжны сүүнд шууд хэрэглэх боломжтойг тус үйлдвэрийн газрын захирал Д.Хишигбаяр онцолж байна.
Дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалахаас гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч байгаа тус үйлдвэр эн тэргүүнд үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байгаагаа илэрхийлэв.
Олон улсын зах зээлд нэг кг хатаасан ингэний сүү 100 орчим ам.доллараар үнэлэгдэж байна. Тус үйлдвэр эхний ээлжинд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад Европын Холбооны зарим улс орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлд ингэний хатаасан сүүн бүтээгдэхүүн гаргах судалгаа хийж байгаа аж.
Мөн АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлт ирүүлсэн нь эрүүл мэндийн чиглэлээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, экспортлох боломж байгааг илтгэсэн явдал гэж тодотгов. Туршилтын үйлдвэрлэл эхлүүлэхдээ орон нутгийн малчдаас нэг литр ингэний сүүг 10 мянган төгрөгөөр худалдан авч байна. Цаашид илүү өндөр үнээр ч авах боломжтой бөгөөд сүү цагаан идээ дэлгэрэх зуны улирлаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр төлөвлөжээ.