Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, зохицуулж, үнэлэх цогц платформыг танилцууллаа

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб ээлжит Тур аяллаа “Эйблсофт” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Бүх төрлийн ажил, мэргэжлийн байгууллагын дотоод удирдлагын сүлжээг технологитой уялдуулан ухаалгаар шийдсэн тус компанийнхан ABLE системээ өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт энэ оноос цогцоор нь нэвтрүүлж эхэлсэн юм байна. Тус платформыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлснээр бүтэц, зохион байгуулалт, дотоод удирдлага, менежмент, өдөр тутмын үйл ажиллагаа зэрэгт нь ямар ахиц, дэвшил гарах талаар “Эрүүл мэндийн салбарт ABLE систем ашиглах нь” тур-арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Манай улс техник, технологийн дэвшлээрээ дэлхийн энтэй хөгжиж буй ч хэрэглэгчдийн энэ чиглэлийн мэдлэг, боловсрол хангалтгүй, тэр хэрээр шинэ туршлагыг нэвтрүүлэх талд удаашралтай байгааг “Эйблсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Даваадорж онцолж байлаа. Учрыг тодруулбал, “Эрүүл мэндийн салбарт ABLE систем ашиглах нь” танилцах тур – арга хэмжээний үеэр тэрбээр ийнхүү хэлэхдээ эрүүл мэнд, боловсролын байгууллагууд дотоод удирдлага, менежмент, өдөр тутмын үйл ажиллагаагаа бодитой үнэлж, хянах дата, мэдээлэлгүйгээс ажлууд нь удаашралтай, иргэдэд ч чирэгдэл, төвөг учруулсан хэвээр буйг тодотгосон юм. Эдгээрийг цогц шийдэхүйц платформыг зохион бүтээхээр тус компанийн залуус 2008 оноос эхлэн судалж, суурийг нь “босгож”, хөгжүүлэн шинэчилсээр эдүгээ бүх төрлийн ажил, үйлчилгээ эрхлэгч албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дотоод удирдлагын нэгдсэн систем ABLE-ийг буй болгожээ.

ABLE-ИЙГ ЦОГЦООР НЬ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ЭХЭМҮТ

“Эйблсофт” ХХК-ийнхан өнгөрсөн 13 жилийн хугацаанд системээ тасралтгүй хөгжүүлсний үр дүнд эдүгээ аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод дахь цаасан хувилбар бүхий ажил, үйлчилгээгээ “Албан бичиг”, “Захиалга”, “Цаг бүртгэл”, “Хүний нөөц”, “Өргөдөл, гомдол”, “Гэрээний бүртгэл”, “Хурал”, “Тушаал, шийдвэр” зэрэг 40 гаруй арга, хэлбэрээр цахимаар удирдан явуулж, төлөвлөн хянадаг болсон байна. Тус системийг одоогоор 800 гаруй аж ахуйн нэгж дотоод сүлжээндээ ашиглаж буйгаас 10 хүрэхгүй нь л эрүүл мэндийн байгууллага аж. Үүнээс ABLE-ийг цогцоор нэвтрүүлсэн нь ЭХЭМҮТ гэнэ.

 Жил гаруйн хугацаанд туршилт, судалгаа хийсний үндсэнд энэ сарын 1-нээс тус системийг ийнхүү амжилттай нэвтрүүлж, үр дүнг нь хүртээд эхэлснийг “Эйблсофт”-чууд хэлэв. Тэгвэл бусад эрүүл мэндийн байгууллагынхан “Цаг бүртгэл”, “Хүний нөөц” зэрэг программыг нь хаана нэг хэрэглэдэг байна. Дээрх 40 гаруй программын 17-г нь эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг цахим системүүдтэй шууд интеграц хийх байдлаар холбожээ. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудад дотооддоо зөв удирдлага, зохион байгуулалтаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бүртгэл, хяналтаа сайжруулан, цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж, дүгнэх, урамшуулах боломжийг нь бүрдүүлсэн байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН СҮЛЖЭЭГ ҮҮСГЭСНЭЭР ҮРГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

ABLE системийг нэн тэргүүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, ачаалал ихтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд нэвтрүүлэх шаардлагатай аж. Ингэж чадвал III шатлалын эмнэлгүүд ачааллаа тэгш хуваарилан, бичиг цаас, бүртгэл, тайлан хөтлөлт, өвчтөний түүх бичих, хэвтэн эмчлүүлэх хуудас нээх, хаах зэргийг программд даатгаж, үндсэн үйлчилгээндээ их цаг зарцуулан, бүтээмжээ бодитоор үнэлж, өндөрсгөх боломжтой болох гэнэ.

Мөн тус системийн тусламжтайгаар үйл ажиллагааны зохион байгуулалтаа зөв урсгалд оруулах, хүлээгдэл, чирэгдэл, дараалал үүсээд буй амбулатори, тасаг, нэгжүүдийн үзлэгийн цагийг зохицуулах, хүний нөөц нэмэх, хасах, дутагдалтай эм, тарианы нөөцөө бүрдүүлэх, хуваарилах гээд олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтойг “Эйблсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Даваадорж онцолсон юм.

Хамгийн чухал нь, эрүүл мэндийн байгууллагуудын төсөв, санхүүжилтийн ихэнх хувийг эзэлдэг техник, тоног төхөөрөмжүүдийг бүртгэлжүүлэх, актлах, ашиглалтын хугацааг хянах, эвдэрч, гэмтсэнийг засуулах, баталгаат хугацааны шаардлага хангахгүйг нь дахин худалдан авахааргүйгээр “хар жагсаалт”-д оруулах зэргээр бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ үүсгэх давуу талтай аж. Ингэснээр төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулж, техник, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтыг сайжруулах бүрэн боломжтой гэнэ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …