Г.Гүндалай: “Түмэн тэмээний баяр ”-т хоёр дахь жилдээ оролцож байна

Өмнөговь аймаг “Түмэн тэмээний баяр”-аа энэ жил 25 дахь удаагаа тэмдэглэж байна.

Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж эхэлжээ.

2016 онд тус аймаг мянган тэмээ бүртгүүлж дэлхийн Гиннесийн амжилтыг тогтоож байсан бол өнөөдөр 160000 шахам толгой  тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй аймаг болоод байна.

         “Энэ жил уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тэмээний баяраа нэг сараар наашлуулж зохион байгуулж байна. Цаашид мөн хоёрдугаар сарын эхээр зохион байгуулж байхаар аймаг шийдвэрлэсэн.

Энэ жилийн баярт Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас ирж оролцож байна.

Мөн дотоод гадаадаас оролцогч жуулчдын тоо ч өссөөр байна гэж Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх ярилаа.

Түмэн тэмээний баярт оролцогчид, жуулчид тэмээ унах, тэмээтэй парадад жагсах зэргээр наадмыг зөвхөн үзэх биш өөрсдөө оролцож болох юм байна.

“Түмэн тэмээний баяр”-т оролцогч Г.Гүндалай : Дөрвөн настайгаасаа өвөөгөө дагаад тэмээ унаж сурсан. Өвөө, эмээ маань Булган суманд тэмээ малладаг.

Би “Түмэн тэмээний баяр”-т хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жил нэг тэмцээнд оролцоно. Тэмээг унагааж байгаад зогдроос нь аваад, бурантаг томоод, буйллаад туйлуулдаг тэмцээн. Өнгөрсөн жил би энэ тэмцээнд ороод түрүүлж байсан. Багаараа оролцдог л доо. Би аав, ах нартайгаа баг болж 5-6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан.

 Түмэн тэмээний баярын “Тэмээн поло” тэмцээний ерөнхий шүүгч Ц.Ганзориг:Түмэн тэмээний баярын  “Тэмээн поло” тэмцээнд  8 баг бүртгүүлсэн бөгөөд 2 багт хуваагдаад, хэсгээсээ хоёроор гараад хагас шигшээ тоглолт болно. 

Дорноговь аймаг, Манлай, Ханхонгор, Булган сумаас ирсэн нийт 8 багийн бүрэлдэхүүнтэй тэмцээн үргэлжилж байна. “Тэмээн поло” тэмцээнийг  Монголд нэвтрүүлж, хөгжүүлж байгаа анхдагч нь Өмнөговь аймаг. Нэг багт таван тамирчин, нэг сэлгээний тамирчин буюу талбай дээрх дөрөв, хаалгачтайгаа тавуулаа тоглодог. 

Өнгөрсөн жил Өвөр Монгол, Дундговь, Баянхонгор ирсэн нийт 15 баг оролцож байсан. Оролцогчдын насны хувьд янз бүр л байна даа. 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …