Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 816 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлэв.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “С” нь Сонгинохайрхан дүүргийн …-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх;
- “А” нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- “Б” нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- “Ё”, “Д”, “М”, “Б” нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх;
- БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх.