Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын улмаас гал түймэрт өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргахаар 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.
Гуравдугаар сард дүгнэлт эцэслэгдэж гарах аж. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн дүгнэлт гарвал сэргээн засварлаж эхэлнэ. Сэргээн засварлах ажил нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын нэг хэсэг болдог учраас тухайн ослыг хянан шийдвэрлэх явцад аль нэг этгээд буруутай болох нь тогтоогдвол нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах гэнэ.
Даатгалд хамрагдсан тодорхой хэдэн байрны засварыг даатгалын компани нь хариуцна. Энэ хугацаанд 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах ажил үргэлжилж, түрээсийн төлбөрийг олгоод байна. Иргэд өөрсдөө түрээсийн байраа олох аж. Энэ хүрээнд нийслэлийн зүгээс 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-ныг хүртэл байхаар тооцон олгожээ.
Мөн 830 дугаар байрны 200 орчим айл өрхийн орон сууцны цонх хагарсныг засварлажээ. Тухайн барилгын хийц бүтээцэд мөн дүгнэлт гаргахаар үзлэг шалгалт хийж байгаа аж.