Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдаж өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын улмаас хохирсон айл өрхүүдэд 5.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ослын улмаас хохирсон айл өрхүүдээс ирүүлсэн хүсэлт, хүний амьдралын анхан шатны хэрэгцээ шаардлагад тулгуурлан Засаг даргын зөвлөлийн хурлаас энэхүү шийдвэрийг гаргасан.
Дүүргийн ИТХ-ын Монгол Ардын Намын бүлгээс ч уг асуудлыг 100 хувь дэмжсэн. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тэргүүтэй гишүүд гамшиг, ослын улмаас хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар албан бичгээр хандсан. Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын зүгээс ч түрээсийн орон сууцанд оруулахаас эхлээд тодорхой шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлээд явж байгаа.
Гамшиг, осол хэлж ирдэггүй. Дүүргийн удирдлагын багийн зүгээс хуулиар хүлээсэн эрх хэмжээний хүрээнд үүссэн асуудлыг шийдвэрлэж байгаа учраас улс төрийн нөхцөл байдал, сонгуультай ямар ч холбоогүй.Буцалтгүй тусламжийг зохих хууль, журмын дагуу 3-р сардаа багтаан олгоно” гэж мэдэгдлээ.