НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, тогтоолын төслүүдийг хэлэлцэв.
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журамд Нийслэлийн Засаг дарга сангийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар тусгажээ.
Сангийн хөрөнгийг нийтийн тээврийн хүртээмж, чанарыг сайжруулахад зарцуулна. Мөн хөрөнгө нь нийслэлийн Төрийн сангийн тусгай дансанд байрших бөгөөд 10 хүртэл хувийг сургалт, эрдэм шинжилгээний ажилд зарцуулах юм. Сангийн зарцуулалт, үлдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд хагас жил тутам танилцуулж, олон нийтэд мэдээлж, НИТХ-д тайлагнана. Түүнчлэн тус сангийн хөрөнгийг баталгаа гаргах, барьцаалах, хандивлах зэргээр зориулалт бусаар зарцуулахыг хориглосон байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийтийн тээврийн шинэчлэл бол урт хугацаанд хийх ажил. Зөвхөн автобус авснаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Бид шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж чадна. Автобусны хүрэлцээнээс гадна жолоочийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх тогтолцоо руу шилжинэ” гэв.
Нийтийн тээврийн сангийн үйл ажиллагааг тогтворжуулснаар энэ онд 28.2 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлэхээр тооцжээ. Жилд 20 тэрбум гаруй төгрөг энэ санд төвлөрч, тус мөнгийг цаашид шинээр автобус авахдаа зарцуулна. Мөн энэ хүрээнд шинээр авсан 600 автобусны 300 гаруйг нь хувийн хэвшилд түрээсээр ашиглуулахаар гэрээ хэлэлцээр хийж байна.
Одоогийн байдлаар 115 автобусыг хувийн хэвшилд шилжүүлсэн. Аж ахуйн нэгжүүд долоон жилийн хугацаанд автобусны төлбөрийг бүрэн барагдуулах юм. Түүнчлэн 2009 оноос хойш худалдаж авсан автобуснуудын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож байгааг хэлж байлаа.