Зудын эрсдэлийг бууруулахад Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа нэгтгэсэн байна.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 2024 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсэж, өвөлжилт хүндэрчээ.
Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх шаардлага үүссэн байна. Эдгээрт шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Мөн зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахална.
Нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй шар усны үер, түүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд цаг уурын урьдчилсан мэдээг нарийвчилж гаргадаг радарын ажиглалтын станц хоёрыг нэмж байгуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …