Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Нийт нутгаар цас их хэмжээгээр орж, түүнийг дагасан хүндрэл, эрсдэл мал аж ахуйн салбарт үүсэж байгаа энэ цаг үед Зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд нэгж техниктэйгээ орон нутагт үүрэг гүйцэтгэсээр байна.
Өнгөрсөн лхагва гаригаас эхлэн Дорнод аймгийн Матад суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн гурван цэргийн алба хаагч “Урал” нэгж техниктэй, Төв аймгийн Эрдэнэсант суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 256 дугаар ангийн 10 орчим цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр зам даваа нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.
Тэгвэл 2 дугаар сарын 18-ны энэ өдөр Зэвсэгт хүчний 119, 120 дугаар ангийн 10 гаруй цэргийн алба хаагч 5 нэгж техниктэйгээр Сүхбаатар аймагт, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дөрвөн цэргийн алба хаагч хоёр нэгж техниктэй Хэнтий аймагт, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 10 орчим цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр Булган аймагт тус тус ажиллаж эхэллээ. Тэд аймгийн төвөөс өвс тэжээлийг ачиж сумдад хүргэх, цасанд боогдсон малчин айл өрхийг нүүлгэх, зам давааг нээх ажлыг тус тус гүйцэтгэнэ.