Хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Байгалийн түүхийн музей хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг  2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд энэ удаа 6 төрлийн үлэг гүрвэлийн олдворыг Байгалийн түүхийн музей хүлээн авлаа.

Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаар ирсэн.

Дээрх олдворуудыг Соёлын сайдын 2024 оны А/22 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авч, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт түр хадгалж, цаашид Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, музейн судлаачид хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах юм.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …