Улсын Онцгой Комиссоос хаваржилтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр малчдад өгч буй хандив, тусламжийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “13 аймгийн 58 суманд төмөр зудтай, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.
Одоогийн байдлаар 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж ажилласан байна.
Хоёрдугаар шатны тэжээлийн будааг төмөр зудтай болон цагаан зудтай аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Тодруулбал 14 аймгийн 111 суманд тэжээл хүргэж байна. Ингэхдээ нэг суманд 150-175 тонноор тооцож хуваарилалт хийсэн.
Өнөөдрийн байдлаар “Хөдөө аж ахуйн корпорац”-тай зургаан аймаг 3,500 тонн тэжээл авах гэрээгээ байгуулж татан авч эхэлсэн. Баянхонгор, Төв, Хэнтий аймгууд тэжээлийн будаагаа татан авч, сумд руугаа хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Хүнс, шаардлагатай эм, тариаг хүргэх ажлыг хоёр дахь шатны хүргэлт болгохоор төлөвлөж байгаа.
Улсын Онцгой Комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд иргэд, ААН-үүд идэвх санаачилга гаргаж малчдад туслах хандив зохион байгуулж, УОК-т өгсөн.
Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 562 сая төгрөгийн бараа материалыг нийт 22 ААН, байгууллагаас цуглараад байна.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас долоон аймгийн 64 сумын 174,930 малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүллээ” гэлээ.