0-16 насны хүүхдүүд төрийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Жил бүрийн 3-р сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулдаг. Тодруулбал, Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей 3-р сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” музейгээс дараах мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өглөө.

“Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж болно. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт болдог “Музейн нээлттэй өдрүүд”-ээр том хүмүүстэй шахцалдан музей үзэх шаардлагагүй юм.

Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг юм.

Тухайлбал, 2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзжээ. Үүний 30 хувь нь хүүхэд байсан .

 Хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцож, “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдээ дагуулж ирвэл зүйтэй болов уу. Хүүхдүүд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялж чадна” гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …