Дархан-Уул аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал 2023 онд ямар байсан талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатараас тодрууллаа.
– Дархан-Уул аймгийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ?
Тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 1513 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Үүнээс 1479 буюу 97.8 хувийг Цагдаагийн байгууллага, 34 буюу 2.2 хувийг Авлигатай тэмцэх газраас шалгасан байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2022 онтой харьцуулбал 10 хувиар өссөн.
Тус аймагт гарсан нийт хэргийн 49.3 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг, 31 хувь нь Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байна. Үүнээс онцолж хэлэхэд “цахим залилан”-гийн хэрэг их гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 10 хэрэг тутмын нэг нь энэ төрлийн гэмт хэрэг байгаа нь анхаарал татаж байгаа.
Мөн сүүлийн үед хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, 2023 онд арваас дээш насны 60 хүүхэд гэмт хэрэгт холбогдож шалгагдсан бол гэмт хэргийн улмаас 13 хүүхэд хохирсон.
Шийдвэрлэлтийн хувьд 537 хүнд холбогдох 470 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.
Аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, хор уршгийг арилгуулахад анхаарч ажилласан. Үүнтэй холбоотойгоор хохирол барагдуулах ажиллагаа 1,8 дахин, арилгуулсан хор уршиг 3,3 хувиар өссөн.
– Зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар түвшинд байсан вэ?
Тус аймгийн хэмжээнд зөрчлийн талаарх 4095 гомдол, мэдээллийг бүртгэлд хүлээн авч, хяналт тавьсан.
Нийт зөрчлийн хэргийн 50 гаруй хувь нь Замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил байна. Тодруулбал, 50.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 6.5 хувь нь Танхайрах, 6.1 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 4.7 хувь нь Бусдын биед халдах, 0.7 хувь нь Хулгайлах зөрчил бүртгэгдсэн.
Зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарч нийт 743,953,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1,6 дахин өссөн.
– Аймгийн прокурорын газраас авч хэрэгжүүлсэн онцлох ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?
Хэргийн оролцогчийн эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад анхаарал хандуулсан. Зарим ажлуудаас дурдвал, мэдүүлэг авах ажиллагаанд прокурор цахимаар оролцдог болсон.
2023 оны 4 дүгээр сараас эхлэн аймгийн Цагдаагийн газар, Цагдан хорих байран дахь мэдүүлэг авах өрөөнд нэмэлт камер, компьютер суурилуулж, мэдүүлэг авах ажиллагаанд прокурор, өмгөөлөгч цахим хэлбэрээр оролцох нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр мэдүүлэг өгч байгаа хүний эрхийг хангах, мэдүүлгийг тэмдэглэлд бүрэн, зөв тусгуулах зэрэгт прокурор хяналт тавьж, өсвөр насны яллагдагч, насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авахад учрах сэтгэл зүйн дарамт багасах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх боломжтой болсон.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, ил тод хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авсан. Тухайлбал, дохионы хэл, брайл бичгийг ашиглан холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээллийг бэлтгэн байгууллагын хүлээн авах хэсэгт байршуулан, орц, гарцад налуу зам гаргасан.
Түүнчлэн хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, Дархан сумын иргэд, төрийн албан хаагч нарт хууль тогтоомж сурталчлан таниулах ажил, арга хэмжээг 20 гаруй удаа зохион байгуулсан.
Цаашдаа дээрх ажлыг үргэлжлүүлэхээс гадна цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.